Д.ОЮУНБАТ: БАГАНУУРЫН ШҮҮХИЙН 35 ЖИЛИЙН АЖИЛ АМЬДАРЛЫГ ДҮҮРГИЙН ХӨГЖИЛ ДЭВШЛЭЭС АНГИД АВЧ ҮЗЭХ АРГАГҮЙ

2020/07/07
Д.ОЮУНБАТ: БАГАНУУРЫН ШҮҮХИЙН 35 ЖИЛИЙН АЖИЛ АМЬДАРЛЫГ ДҮҮРГИЙН ХӨГЖИЛ ДЭВШЛЭЭС АНГИД АВЧ ҮЗЭХ АРГАГҮЙ

"Багануур ньюс" сонины архив. 2015 оны хоёрдугаар сарын 9-ны Дугаар 5 

БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн 1980 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 43-р зарлигаар Багануур районы Ардын шүүх нэртэй байгуулагдаж байсан шүүх өдгөө дүүргийн эрүү, иргэний анхан шатны 3 дугаар шүүх нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Тийм ч учраас манай сонин зочны хоймортоо Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн Еранхий шүүгч Д.Оюубатыг урьж цөөн хором ярилцлаа.

- Сайн байна уу? Танд юуны өмнө Багануур дүүрэгт шүүх байгууллага үүсэн байгуулагдсаны 35 жилийн ойн баярын мэнд хүргэе. Ямар ч хүний сэтгэлд төрж өссөн нутаг ус уяатай байдаг. Тийм болохоор яриагаа төрсөн нутгийн тань талаар эхлүүлье.

- Би Төв аймгийн Баяндэлгэр сумын  нутаг ус нь Баяндэлгэр хайрханаас эхлээд Галтай булнай, Хушинга, Их үнэгдээ, Бага үнэгдээ, Байц уул, Бэрх уул, Даага уул, Авдар уул,Аяга уул, Баруун, Дунд байдлагийн уулс гэх мэт бидний харааг тэлж, харцыг татсан уулстай, хиймор тэтгэгч, нутаг орны хүйс гүний овоог дэрлэсэн  азтай хүн. Төрсөн нутаг минь Их гүн, бага гүн, Аяга нуур зэрэг алсын зэрэглээнд аяс нэмсэн нууруудтай, Нүүрэнтэйн хөндий,  Баянгол, Борхүүгийн тал, Дэрст хонхор, Хэвтээ ухаагийн бэлчээр газартай, хол ойрын хэн ч мэдэх Хэрлэн голтой, Шар булаг, Халуун усны рашаан ундарсан сайхан газар. Хөрсөн дороо алт, жонш, полиметалл, баргилт, шохойн чулуу, боржин чулуу, төмрийн хүдэр, нүүрсний баялагтай, аргал угалз, цэн тогоруунаас эхлээд хамгаалалтын ховор амьтад нутагладаг, эртний түүхэн хэрэгсүүр олонтой,  их зохиолч Дашдоржийн  Нацагдоржоос эхлээд олимпийн аварга, хөдөлмөрийн баатар, гавьяат уурхайчин,  аварга малчин, хүмүүн олныг төрүүлж өсгөсөн, хүн зоны амьдрал өөдөө сайхан нутаг. Тийм ч болохоор бахархахгүй байхын аргагүй. Нүүрэнтэйн хөндийд нүүрсний ордыг нь түшиглэж Багануур хэмээх сайхан хот сүндэрлэж улс орныхоо гал голомтыг бадрааж явна. Бахархах зүйл олонтой ийм нутагт төрсөндөө баярлаж явдаг.

- Хуульчийн мэргэжил таны хувьд мөрөөдөл байв уу? Энэ мэргэжил хүнээс ёс суртахууны өндөр шалгуур шаарддаг юм шиг...

- Би хуульчийн мэргэжлийг сонгохдоо төлөвлөж сонгоогүй ээ. 1977 онд 10-р анги төгсөж Улаанбаатар хотод МУИС-ийн сэтгүүлчийн ангид шалгалт өгсөн хэдий ч оноо дутаж тэнцээгүй юм.  Дараа жилийн шалгалтдаа бэлдэж эмээгээ асраад хоёулаа амьдарч байтал нэг шөнө 24 цагийн үед паспортын үзлэгээр 2 цагдаа орж ирээд намайг Төв аймгийн Баяндэлгэр сумын паспорттай гэсэн үндэслэлээр баривчилж Найрамдлын район дээр авчирч хурлаар хэлэлцээд районы ардын шүүхийн зарлагаар ажиллуулахаар шилжүүлсэн юм. Би тэнд нэг жил ажиллахдаа хуульчийн ажлын утга учрыг ойлгосон. Тийм ч учраасдахин шалгалт өгөхдөө Монгол улсын их сургуулийн хуулийн ангид өгч тэнцсэн юм.  Хуульчийн мэргэжлийг сонгосны шалтгаан энэ дээ.

- Хууль зүйн шинэтгэлийн талаар багагүй ярьж, хүн бүр тодорхой хэмжээний ойлголттой болж байна. Энэ шинэтгэл амьдрал дээр хэр үр дүнгээ өгч байгаа юм бол?

-  Шинэтэлийн ач холбогдлыг дараах байдлаар дүгнэж болно. Юуны түрүүнд шүүхийн шинэтгэлийн хүрээнд шүүх мэргэшиж эхлээд байна. Эрүүгийн хэрэг болон иргэний маргааныг нэг шүүх нэг шүүгч шийдвэрлэдэг байсныг эрүүгийн хэргийн шүүх, иргэний хэргийн шүүх гэж төрөлжүүлэн байгуулсан нь иргэдийн шүүхэд мэдүүлэх эрхийг чанартай, бодитой, хараат бусаар хангах баталгаа болж өгсөн. Мөн шүүхийн шийдвэрийг ил тод, нээлттэй болгож “shuukh.mn” сайтад байрлуулах болсноор хэргийн оролцогч, оюутнууд, судлаачид гэх мэт сонирхсон хэн бүхэн танилцах, дүгнэлт хийх боломжтой болсон. Хардлага сэрдлэгийг үгүй болгон шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хөрөнгө мөнгө, эрх мэдэл, танил талтай хүн, байгууллага нөлөөлөхийг оролдсон, нөлөөлсөн бол тухайн этгээдийг албан тушаалаас нь огцруулах, байгууллагыг татан буулгах, захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх зэргээр шүүх ямар нэг нөлөөлөлгүй ажиллах баталгааг бий болгосоноороо ихээхэн ач холбогдолтой. Багануур дүүрэгт ойрхон боловч аймгийн төвөөсөө алс байрлах Төв аймгийн Мөнгөнморьт, Баяндэлгэр, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумдын иргэдэд Багануурт байрлах шүүх үйлчилснээр шүүхийн үйлчилгээ ойртож тэдгээр иргэдийн маргаан шийдвэрлүүлэх цаг хугацаа, өртөг хэмнэгдсэн гээд хууль эрх зүй, шүүхийн шинэтгэлийн хүрээнд хийгдэж байгаа шинэчлэлтүүдийн ач холбогдол их байна.

- Шүүхийн шинэтгэлийн хүрээнд зайлшгүй яригдах асуудал бол хүний нөөц. Дүүргийн эрүү, иргэний анхан шатны шүүхийн хувьд?

- Шүүхийн хүний нөөц шинэчлэгдсэн нь үнэн. Багануур дүүрэгт Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 3 дугаар шүүх, Эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүх гэсэн хоёр шүүх ажиллаж байгаа ба өмнөх жилээс шүүгч нарын бүрэлдэхүүн 25-50 хувиар,  тамгын газрын ажилтнууд 95 хувь шинэчлэгдсэн байна.  Шүүхийн тамгын газрын  ажилтнуудын мэдлэг, чадвар, ёс зүй, албан харилцааны соёлыг зөв төлөвшүүлэхэд Шүүхийн Ерөнхий зөвлөл, тус шүүхийн тамгын газрын зүгээс онцгой анхаарч ажиллаж байгаа.

- Энэ 2015 онд дүүрэгт шүүх байгууллага үүссэний 35 жилийн ой тохиож байна. Дүүрэг орон нутаг, энэ байгууллагатай амьдралаа холбон багагүй хугацаа үдсэн хүний хувьд шүүх байгууллагын үүх түүхийн талаар сонирхохгүй өнгөрч болохгүй...

- Багануурт ажиллаж байгаа шүүхийн 35 жилийн ажил амьдарлыг Монгол улсын ардчилсан хувьсгал болон Багануур дүүргийн хөгжил дэвшил, Монгол улсын шүүхийн байгууллагын хөгжил дэвшлээс ангид авч үзэх аргагүй. Энэ шүүхийн 35 жилийн ажил амьдарлыг багцлаад дүгнэвэл  хүний нөөц 7 дахин нэмэгдэж хэрэг маргааны төрлөөр дагнасан шүүхүүд болж бэхэжсэн байна. Тус  шүүхийн үйлчлэх  газар нутаг тэлж, хүн амын тоо 22 дахин өссөн бөгөөд түүнийг дагаж шийдвэрлэж байгаа хэрэг маргааны тоо төрөл нэмэгдэж шинж чанар нь шинэчлэгджээ. Монгол улсын шүүх төрийн шүүн таслах эрх мэдлийг төрийн бусад эрх мэдлээс хараат бусаар хэрэгжүүлэгч болж хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох, хууль дээдлэх, шударга ёс, ардчилсан ёсыг бэхжүүлэх эрхэм зорилгын төлөө ажиллаж байна. Шүүгчийн өмнө нийгмээ мэдрэх, шинжлэх ухааны бусад салбаруудын мэдлэг мэдээлэлтэй байх, харилцааны болон ёс зүйн өндөр төлөвшил шаардах, хууль хэрэглээний ур чадварыг сайжруулах зэрэг шалгуурууд тавигдаад байна.  Шүүхийг өнөөдрийн түвшинд хүрэхэд тус шүүхэд ажиллаж ирсэн үе үеийн шүүгч ажилтнуудын хөдөлмөр, сэтгэл зүтгэл зориулагдаж ирснийг  тэмдэглэж байна.

- Та болон танай шүүхийн хамт олонд 35 жилийн ойн баярын мэнд хүргэж, ажлын амжилт хүсье.

- Баярлалаа.  Танай сонины хамт олонд ажлын амжилт хүсье.

Д.ОЮУНБАТ: БАГАНУУРЫН ШҮҮХИЙН 35 ЖИЛИЙН АЖИЛ АМЬДАРЛЫГ ДҮҮРГИЙН ХӨГЖИЛ ДЭВШЛЭЭС АНГИД АВЧ ҮЗЭХ АРГАГҮЙ  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх