“АВТО ЖИМ” ОНӨААТҮГ-ЫН НЭЗТ-Н МАСТЕР Б.ОДГЭРЭЛ: ИДСЭН ЧИХРИЙНХЭЭ ЦААСЫГ ХОГИЙН САВАНД ХИЙЧИХДЭГ ХҮМҮҮСИЙГ ХАРААД БАЯРЛАДАГ

2020/07/08
“АВТО ЖИМ” ОНӨААТҮГ-ЫН НЭЗТ-Н МАСТЕР Б.ОДГЭРЭЛ: ИДСЭН ЧИХРИЙНХЭЭ ЦААСЫГ ХОГИЙН САВАНД ХИЙЧИХДЭГ ХҮМҮҮСИЙГ ХАРААД БАЯРЛАДАГ

"Багануур ньюс" сонины архив. 2015 оны гуравдугаар сарын 02 №07-д нийтлэгдсэн. 

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан редакцийнхаа зочны хойморт хүнд хүчир ч гэлээ бахархмаар ажлыг нугалж нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэр цэмцгэр байлгадаг “Авто жим” ОНӨААТҮГ-ын НЭЗТ-н хэсгийн төлөөлөл мастер Б.Одгэрэлтэй ярилцлаа.

  • Дүүргээ цэвэр цэмцгэр байлгахын төлөө өглөөнөөс үдэш хүртэл зүтгэж байгаа хүмүүс бол зам талбайн үйлчлэгч нар. Хараад байхад ихэвчлэн эмэгтэй хүмүүс харагддаг...
  • Манай байгууллага хотоо цэвэр цэмцгэр, гэрэл гэгээтэй байлгахын төлөө ажилладаг. Дотроо 4 хэсэгтэй. Нийтийн эзэмшлийн зам талбайн хэсэг маань 27 ажилчинтай. Үүний 24 нь эмэгтэй. Өглөөний харанхуйгаас үдшийн бүрий хүртэл ажлаа хийдэг. Өөрийн гэр орноо цэвэрлэх завгүй шахам л ажилладаг хүмүүс. Баяр ёслолын үеэр бүр ч завгүй. Хотоо цэвэр цэмцгэр байлгахын төлөө л ажилладаг. Манай хэдэн хүүхнүүд байхгүй бол дүүрэг ямар байхыг төсөөлөхийн аргагүй. Манайхан нийтийн эзэмшлийн зам талбай цэвэрлэхээс гадна Багануур өндөрлөгөөс нааш мянганы замын 2 талын хээрийн цэвэрлэгээ, дүүргийн 11 автобусны буудлын шороо тоосыг арчиж угаах, бүрэн бүтэн байдлыг хамгаалах ажлыг ч гүйцэтгэдэг. Манай хүүхнүүд амныхаа хаалтыг зүүгээд ажлынхаа хувцасыг өмсөөд гарахаараа ажлын тракторууд, амны хаалтаа аваад ажлын хувцасаа тайлж, гоё будалтаа хийхээрээ оффисын ажилтай хүүхнүүдээс дутахааргүй сайхан. Би хэдэн хүүхнээрээ их бахархадаг. Манай хүүхнүүд хамгийн удаан нь 24 жил хамгийн бага нь 5 жил зам талбайн үйлчлэгчээр ажиллаж байгаа.
  • Хотоо цэвэр цэмцгэр байлгахад гар бие оролцож байгаа хүмүүсийн хөдөлмөрийг төр засаг, иргэд хэр үнэлдэг вэ?
  • Манай хамт олон 2014 онд ажлын амжилтаар арвин байлаа. Дүүргийн тэргүүний үйлчилгээний байгууллагаар шалгарсан бол дарга Д.Батнасан, НЭЗТ-н үйлчлэгч н.Цэрэнханд нар алтан гадас одонгоор, мөн үйлдвэрчний эвлэлийн дарга н.Оюунчимэг хөдөлмөрийн хүндэт медалиар энгэрээ мялаасан. Манай нийтийн эзэмшлийн зам талбайн хэсэгт 11 ахуйн үйлчилгээний тэргүүний ажилтан ажиллаж байна. Энгэртээ гялалзах тэмдэггүй хүн манай хүүхнүүдийн дунд байхгүй. Дүүргийн маань ард иргэд, ахмад настнууд ажлаа хийгээд явж байхад урам хайрлаж сайхан үгээ ч харамгүй хайрладаг. Саяхан нэг ахмад манай үйлчлэгч нарт “Та бүхэн бол үнэлэгдээгүй хөдөлмөрийн баатрууд шүү. Та наргүйгээр манай дүүрэг хэзээ ч ийм сайхан өнгө төрхтэй байхгүй дээ” гэж хэлсэн байсан. Олон хүмүүс харанхуй шөнөөр гарч, харуй бүрийгээр харьдаг хүүхнүүдийн маань ажлыг ойлгож сайхан үгээр урам хайрладагт нь баярлаж явдаг.
  • Та хэдэд маань ажил багатай үе гэж байдаггүй мэт. Шантрах үе гардаг уу? Хүмүүс энэ ажлаа орхиод гарах тохиолдол элбэг байдаг уу?
  • Дөрвөн улирлын алинд нь ч ажил багатай байна гэж байхгүй. Намар болохоор навч хийснэ, хавар болохоор салхи шуурч шороо овоорно. Зун нь устай шороо, элс нь замаар дүүрчихнэ, өвөл цас ихтэй бол цохиж нүдээд л ажиллана. Тэглээ гээд шантрах зүйл бидэнд байдаггүй. Мэргэжилдээ мэргэшсэн гэж манай хүүхнүүдийг л хэлнэ дээ. Дүүргийн иргэд маань нэг үеэ бодвол ажлын маань жаргал зовлонг ойлгодог болсон. Идэж яваа чихрийнхээ цаасыг хогийн саванд очоод хийчихдэг болсон. Тийм хүмүүсийг хараад баярладаг байхгүй юу. Энэ хүн биднийг ойлгож байна аа гэж. Гэхдээ тамхины ишээ хаа сайгүй шидчихдэг бохир хүмүүс байсаар л байна. Хэзээнээсээ л манай Багануур цэвэр цэмцгэрээрээ алдартай байсан. Тэр нэр чинь энэ хэдэн хүүхнүүдийн л хүч. Ажлаас шантарч халшираад манайхаас гарсан хүн байхгүй. Эгч нараасаа ажил сурдаг. Ажил нь хүнд ч гэлээ авдаг цалин маань сүүлийн жилүүдэд маш сайн нэмэгдсэн.
  • Зам талбайд ажиллаж байгаа хүмүүсийг хараад байхад ихэвчлэн дундаас дээш насныхан харагддаг. Залуу хүмүүс ховор байна уу?
  • Залуучууд цөөхөн. Энэ жил нэг, ирэх жил 5,6 хүн тэтгэвэрт гарна. Тэр үед шинэ хүмүүс орж ирнэ бизээ. Одоогоос 5 жилийн өмнө Д.Батнасан “Авто жим”-ийн дарга болсоор 40 гарсан настай, өрх толгойлсон хэд хэдэн эмэгтэйг ажилтай болгосон. 40 гарсан хүнийг ажилд авах газар олддоггүй шүү дээ. Тэгэхэд ажил төрөлтэй болгосон болохоор бид ч итгэлийг нь алдахгүй ажиллахыг боддог. Таван жилийн өмнө анх ажилд орж байсныг бодвол энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсийн цалин хөлс ч багагүй нэмэгдсэнд манай хүүхнүүд баяртай байдаг. Таван жилийн өмнөхтэй өнөөдрийн бидний амьдралыг харьцуулбал шал өөр болсон. Ахиц гарсан. Өмсөж зүүснээс эхлүүлээд гэр орон нь хүртэл.
  • Цаг зав гарган манай редакциар зочилсонд баярлалаа.
  • Багануур дүүргийнхээ нийт эхчүүд, эмэгтэйчүүд, ээжүүд, охидууддаа Авто жим ОНӨААТҮГ-ын нийт эмэгтэйчүүдийнхээ нэрийн өмнөөс олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэж аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Багануур маань хот болж байгаа энэ үед бүгдээрээ цэвэр цэмцгэр хотын төлөө нэг ширхэг ч шүдэнз хаяхгүй байцгаая гэж уриалъя.
“АВТО ЖИМ” ОНӨААТҮГ-ЫН НЭЗТ-Н МАСТЕР Б.ОДГЭРЭЛ: ИДСЭН ЧИХРИЙНХЭЭ ЦААСЫГ ХОГИЙН САВАНД ХИЙЧИХДЭГ ХҮМҮҮСИЙГ ХАРААД БАЯРЛАДАГ  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх