БАГАНУУР ДҮҮРГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ДАРГА Г.ЦАМБАГАРАВ: ЗАЛУУСЫН ЭРХ АШИГ ДЭЭР НЭГЭН ЗЭРЭГ ХӨДЛӨХ ХҮЧ БОЛОН АЖИЛЛАЯ

2020/07/09
БАГАНУУР ДҮҮРГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ДАРГА Г.ЦАМБАГАРАВ: ЗАЛУУСЫН ЭРХ АШИГ ДЭЭР НЭГЭН ЗЭРЭГ ХӨДЛӨХ ХҮЧ БОЛОН АЖИЛЛАЯ

"Багануур ньюс" сонины архив. 2015 оны наймдугаар сарын 24-ий №25-д хэвлэгдсэн ярилцлага

Багануур залуучуудын хот. Энэ хотод амьдарч буй залуусын ирээдүй гэрэл гэгээтэй, сайн сайхан гэдэгт итгэдэг. Гэвч сүүлийн жилүүдэд залуучуудын гэх тодотголоор ажилладаг байгууллагууд нь тийм ч идэвхтэй сайн байсангүй. Намын дэргэдэх залуучуудын байгууллагууд сонгуулийн үеэр идэвхжиж байсныг эс тооцвол. Тэгвэл 2015 оны 3 дугаар сарын 06-нд дүүргийн залуучуудын холбоо хурлаа хийж удирдлага зохион байгуулалтын хувьд шинэчлэгдсэн. Үүнээс хойш хагас жилийн хугацаа өнгөрч байгаа учраас бид дүүргийн залуучуудын холбооноос хийж байгаа ажил, баримталж байгаа бодлогын талаар тодруулахаар энэ удаагийн дугаарын зочноор Дүүргийн Залуучуудын холбооны тэргүүн, Засаг даргын орлогч Г.Цамбагаравыг урьлаа.

  • Багануур дүүргийн гэлтгүй Монголын Залуучуудын холбоо олон жил “унтаа” байлаа. Харин сүүлийн нэг жилд үйл ажиллагаагаа эрчимжүүлж байна. Ямар бодлого чиглэлтэй ажиллаж байна вэ гэдгээс яриагаа эхэлье.
  • Монголын Залуучуудын холбоо сүүлийн 12 жил их хурлаа хийгээгүй байсан бол энэ оны 3 дугаар сарын 28-нд 5 дугаар их хурлаа зохион байгууллаа. Үндсэн дүрмэндээ 4 жил тутам их хурлаа зохион байгуулахаар тусгасан хэдий ч 4 дүгээр их хурал болсноос хойш 12 жилийн дараа 5 дугаар их хурлаа хийсэн гэж хэлж болно. 5 дугаар их хурлаараа МЗХ /Монголын залуучуудын холбоо/ үндсэн дүрмээ өөрчилсөн. 12 жилийн өмнөх үндсэн дүрмийг өнөөдөр хэрэгжүүлээд явахад учир дутагдалтай учраас өөрчлөлт хийсэн. Энэхүү их хурлаар МЗХ-ны үндсэн дүрэмд өөрчлөлт оруулах, стратеги төлөвлөгөөг хэлэлцэх, Залуучуудын талаар төрөөс баримтлах бодлогын талаар санал солилцох, Инновацийн сан үүсгэн байгуулах тухай болон Залуучуудын орон сууцын корпораци байгуулах зэрэг залуучуудын өмнө тулгамдсан олон чухал асуудлыг хэлэлцсэн. Их хурлаас Үндэсний Залуучуудын Зөвлөл байгуулах шийдвэр гарч сонгуулийг явуулсан. Үндэсний Залуучуудын Зөвлөл нь 339 гишүүнтэйгээр МЗХ-ны Их хурлаас дараагийн Их хурлын хооронд ажиллах төлөөллийн байгууллага байхаар тогтсон бөгөөд цаг үеийн бодлого, хөтөлбөрийг батлах, залуучуудын ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох, тулгамдаад байгаа асуудлуудыг хэлэлцэх, зөвлөмж, шийдвэр гаргаж ажиллаж байна.Үүнээс гадна МЗХ нь 5 дэд ерөнхийлөгчтэй, 1 тэргүүн дэд ерөнхийлөгчтэйгөөр үйл ажиллагаагаа явуулж байгаа.
  • Тэгвэл дүүргийн МЗХ хэрхэн яаж ажиллаж байна. “Эзэнгүй” шахам байгууллага л байлаа шүү дээ нэг хэсэг...
  • МЗХ-ны 5 дугаар их хурал 3 дугаар сарын 28-нд хуралдахтай холбоотойгоор дүүргийн Залуучуудын холбооны хурлыг 3 дугаар сарын 06–нд зохион байгуулсан. Өмнө нь ажиллаж байсан тэргүүнийг тайлангаа тавихыг, залуучуудын эрх ашгийн төлөө ажиллахыг хүсч 2013 оноос хойш асуудал тавьсан. 12 жил их хурал нь хуралдаагүй, салбарт нь ажиллаж байсан тэргүүн, удирдах зөвлөл нь нас хэтэрсэн байсан. Харин 3 дугаар сард хийсэн хурлаар Багануур дүүргийн залуучуудын холбоог шинэчлэн 17 тэргүүлэгчтэйгээ үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна. Одоо энэ 9 дүгээр сардаа багтаан дүүргийн залуучуудын бага чуулганаа зохион байгуулж, бодлогын баримт бичгээ батлахаар зорьж байна. МЗХ-ны үндсэн дүрэмд аймаг дүүргүүдэд 119 хүний бүрэлдэхүүнтэй бага чуулган байхаар заасан. Тийм учраас энэхүү дүрмийнхээ дагуу чуулганаа байгуулна. Дүүргийн Залуучуудын холбоо нь хөдөлмөр ба бизнес эрхлэлт, боловсрол ба ур чадвар хөгжүүлэх, эрүүл мэнд сайн сайхан байдал, оролцоо болон нийтийн идэвхтэй иргэн, чөлөөт цаг, соёл хүрээлэн буй орчин гэсэн бодлогын таван хүрээнд үйл ажиллагаагаа төвлөрүүлэхээр бодлогоо болосруулж байна. Ирэх бага чуулганаараа энэхүү бодлогын баримт бичгээ баталгаажуулж, дүүргийн ИТХ-д өргөн барьна.
  • Багануур дүүргийн залуучуудын холбооны бага чуулганы гишүүн болоход ямар нэгэн шалгуур тавьж байна уу? Сонгуулийн зарчмаар шийдэгдэх байх?
  • МЗХ-ны үндэсний зөвлөлдөх залуучуудыг онлайнаар бүртгэн сонгууль явуулж шийдсэн. Үүнтэй ижил зарчмаар явна гэж төлөвлөж байна. Гэхдээ 119 гишүүний 2/3 нь шууд албан тушаалаар орно. Үлдсэн 1/3 дээр сонгууль явуулна гэж ойлгож болно. Албан тушаалаар гэдэг нь одоо дүүргийн залуучуудын холбооны тэргүүлэгч, удирдлага, байгууллагуудын залуучуудын зөвлөлийн тэргүүлэгч удирдлага гээд хүмүүс багтана. Ер нь МЗХ-ноос баримталж буй бодлогоор залуучуудын чиглэлээр ажиллаж буй олон ТББ, залуучуудын холбоог нэгтгэж ажиллах бодлого барьж байгаа. Өмнө нь Багануур дүүрэгт гэхэд Засаг даргын дэргэдэх залуучуудын зөвлөл, дүүргийн залуучуудын холбоо, МЗХ-ны салбар гээд олон байгууллага байсныг нэгтгэн залуучуудын эрх ашиг гэсэн ганцхан асуудал дээр нэгэн зэрэг хөдөлгөх хүч болгож чадсан. МЗХ-ний 5 дугаар их хурлаас хойш бүсийн чуулгануудыг зохион байгуулаад байгаа бол 10 дугаар сард нийслэлийн залуучуудын холбооны чуулганыг Багануур дүүрэгтээ зохион байгуулахаар ажиллаж байна.
  • Сүүлийн үед Багануур дүүргийн залуучуудын холбооноос “Шилдэг гэр бүл-Шинэ байранд” реалити шоу зохион байгуулахаар олон нийтийн сүлжээгээр мэдээлэл түгээж байна. Залуус ч маш их сонирхож байгаа. Энэ талаарх мэдээллийг өгвөл...
  • Дүүргийн хүн ам жил ирэх тусам өсөн нэмэгдэж, залуу гэр бүлүүд олноор төрөн гарч байна. Энэ цаг үед залуу гэр бүлүүдийн өмнө хамгийн ихээр тулгамдаж байгаа асуудал бол яах аргагүй амьдрах орон байр. Олон залуучууд аав ээжтэйгээ амьдарч, олон залуус зээлийн дарамтад амьдарч байна. Тийм учраас энэ асуудлыг шийдвэрлэхэд залуучуудын байгууллага өөрөө манлайлан ажиллаж, залуу гэр бүлийг дэмжих нь зүйтэй гэж үзсэний үндсэн дээр тус төслийг хэрэгжүүлэхээр болсон. Төсөл хэрэгжсэнээр 4 сайхан залуу хос шинэ байртай болохоос гадна залуучууд хоорондоо танилцан нөхөрлөх, амьдралын идэвхтэй арга барилд сурах, туршлагаа солилцох гээд олон боломжууд бий болно. Одоо залуучууд маань амьдралд маш хариуцлагатай, идэвхтэй болсон. Тийм ч учраас залуусын оролцоо, идэвх санаачлагыг үнэлэх, урамшуулах, мөн нийгмийн хариуцлагаа ухамсарлан хэрэгжүүлэх бололцоог нь нээж өгөх нь ч төслийн маань зорилго. Хүрэх үр дүнг ч бид маш эерэгээр харж байна. Дүүргийн маань байгууллага аж ахуйн нэгжүүд залуусын оролцоо, санаачлагыг дэмжин туслах хандлагын өөрчлөлтийг бий болгох, залуусын оролцоо, хүч чадвар, ухаанаар үүсгэн зохион байгуулсан ажил нийгэм олон нийтийг хэрхэн хөдөлгөж болохыг ч мөн харуулна. Бид залуучуудын чиглэлээр дүүргээс баримтлах бодлогыг боловсруулж батлуулсныхаа дараа ИТХ-д саналаа өргөн барьж тодорхой хэмжээний санхүүжилттэй болвол орон байр, боловсролоо дээшлүүлэх гээд залуучуудын өмнө тулгамдаж байгаа асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэхийн төлөө ажиллана.
  • Энэхүү төсөлд хамрагдаж байртай болох хүсэлтэй залуучуудад ямар нэгэн шалгуур тавьж байна уу? Хэрхэн яаж бүртгүүлэх вэ?
  • Төслийн маань зорилго залуусын оролцоо, идэвх санаачлагыг дэмжих, амьдралын чанарыг сайжруулах, олон нийтэд танигдах боломжийг бий болгох шүү дээ. Залуус маань Оюун ухаан - Эрдэм мэдлэг, Авьяас - Ур чадвар, Спорт - авхаалж самбаа, Нийгмийн хариуцлага - Энэрэнгүй үйлс, Шинэ санаачилга - Хөгжлийн гарц гэсэн 5 төрлөөр 5 үе шаттайгаар өрсөлдөнө. Оролцогч нарт гэрлэлтийн баталгаатай байх, Багануур дүүрэгт амьдарч байгаагаа батлах хорооны тодорхойлолтоо авчирах, гэр бүлийн товч танилцуулгаа бэлтгэх гэсэн цомхон шаардлага тавьж байгаа. Насны хязгаарын хувьд 18-35 настай байх ёстой. Бүртгэлийг ЗДТГ-т хийж байгаа бөгөөд дүүргийн байгууллага аж ахуйн нэгжүүдэд тодорхой квот өгч ажилтнуудаа хамруулах боломж олгож байна. Бид 8 дугаар сарын 20-нд бүх байгууллагын залуучуудын зөвлөлийн төлөөлөлтэй уулзаж ярилцсан. 24-өөс эхлэн байгууллагууд дээр залуучуудын зөвлөлийг байгуулах, “Шилдэг гэр бүлд – Шинэ байр” төслийг танилцуулах, оролцогчдыг идэвхжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөөд байна.
  • Иргэдийн хямд үнэтэй орон сууцаар хангах чиглэлээр дүүрэгт багагүй ажил хийгдэж эхлээд байна. Амины орон сууцны захиалга авч байгаа газрууд ч цөөнгүй байна шүү дээ. Яагаад “Эвтард” сантай хамтран ажиллах болов?
  • “Эвтард Багануур” сан бол амины орон сууц захиалагчдын нэгдэл. Энэ хотхоны барилга угсралтын ажлын алхам бүрт гүйцэтгэгчээ зөв сонгохын тулд худалдан авагчдын төлөөлөл болох тэргүүлэгчдээрээ дамжуулан хэлэлцүүлж, олонхийн саналаар шийдвэрлэж ажилладаг юм билээ. Захиалагч бүр өөрийн байшинг нь хэрхэн барьж байгааг хянах, мөн оролцох боломжийг ч тусгасан. Энэ тохиолдолд л эзний сэтгэлгээ хэрэгжих боломжтой. Нөгөөтэйгүүр “Өөрийн байшингаа босгох төлөвлөгөө” гэдэг ТББ-ын фейсбүүк хуудас нээгдээд 11,000 гаруй залуус нэгдээд, Хан-Уул дүүрэгт хэрэгжүүлэхээр төслөө боловсруулж зургаа батлуулсан ч газрын асуудлаас болоод удааширсан тухайн сонссон. Дүүргийн залуучуудын холбоо, Д.Нити зэрэг хүмүүс энэ оны 3 дугаар сард Багануурт нэвтрүүлэхээр санаа шулуудан, эрчимтэй ажилласны эцэст одоо ингээд хэрэжиж байна. Тийм учраас бид “Эвтард” сантай хамтран ажиллахаар шийдвэрлэсэн. 105 айлын газрын асуудлыг дүүргийн төр захиргааны байгууллага ямар нэгэн чирэгдэлгүйгээр олгосон. Энэ төсөл амжилттай хэрэгжвэл дараа дараагийн төслийг хэрэгжүүлэх нөөц боломж байгаа. Одоо “Эвтард-1” хотхон баригдаж байгаа 19 га газартай үргэлжлээд амины орон сууцны хороолол байгуулахаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд багтсан газар бий. Мөн энэ төсөл амжилттай хэрэгжвэл 21 аймагт жишиг болох, шууд хуулаад хэрэгжүүлж болно. Мэдээж зохиогчийн эрх Багануурчууддаа үлдэнэ.
  • Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.
БАГАНУУР ДҮҮРГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ДАРГА Г.ЦАМБАГАРАВ: ЗАЛУУСЫН ЭРХ АШИГ ДЭЭР НЭГЭН ЗЭРЭГ ХӨДЛӨХ ХҮЧ БОЛОН АЖИЛЛАЯ  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх