Б.БЯМБАДОРЖ: 3 ЖИЛИЙН ХУГАЦААНД 47 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙГДЖЭЭ

2020/07/13
Б.БЯМБАДОРЖ: 3 ЖИЛИЙН ХУГАЦААНД 47 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙГДЖЭЭ

"Багануур ньюс" сонины архиваас...  2015 оны 12 дугаар сарын тусгай дугаарт хэвлэгдсэн ярилцлага

2015 он Багануурчууд, Багануурын түүхэнд тод үсгээр тэмдэглэгдэх олон үйл явдал хөвөрсөн жил байлаа. Түүхт 35 жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэж, Нийслэлийн дагуул Багануур хот байгуулах шийдвэр гарч, цахилгаан станц, үйлдвэр технологийн паркийн үйл ажиллагаа зогсонги байдлаас гарсны дээр СӨБ-д хамрагдалт 100 хувьд хүрч, амины болон жишиг орон сууцны барилгын ажил эхэллээ. Ингээд тоочоод байвал олон зүйлийг дурдана. Багануур ньюс сониноос эрхлэн гаргаж байгаа сэтгүүлийнхээ зочны хойморт дүүргийн Засаг дарга Б.Бямбадоржийг урьж ярилцлаа. 

  • Дүүргийн 35 жилийн ойгоор уулзаж ярилцсанаас хойш бараг хагас жил улирчээ. Тухайн үед ярьж байсан зүйлүүдэд ахиц дэвшил гарч, яригдаагүй үлдсэн зүйлүүд ч нэмэгдэжээ. 2015 оны ажлаа ИТХ-аар дүгнүүллээ...
  • 2012 оны орон нутгийн сонгуульд Ардчилсан нам 5А хөтөлбөрийг дэвшүүлсэн. Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг 2015 оны 12 дугаар сарын 14-нд ИТХ-ын ээлжит 15-р чуулганаар хэлэлцэж 84,5 хувь, 2015 оны эдийн засаг нийгмийн зорилтын биелэлтийг 92,6 хувь гэж дүгнэлээ. 2012-2016 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр 84,5 хувийн биелэлттэй, үлдсэн нэг жил шахамын хугацаанд биелэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Засаг даргын ажил амаргүй, хариуцлагатай ажил. Дэвшүүлсэн зорилго зорилтоо биелүүлэхийн төлөө баг хамт олноороо хичээн ажилласан. Үүний маань үр дүн ч харагдаж байна. Багануурчуудын олон жил хүсэн хүлээсэн том том шийдвэрүүд гарлаа. Багануур маань хот болох ёстой гэж бид олон жил мөрөөдсөн шүү дээ. Олон хүний хүсэл зориг нийлбэл бүтдэгийн тод жишээг харуулж энэ оны 4 дүгээр сарын 3-нд НИТХ-аас Багануур дүүрэгт нийслэлийн дагуул хот Багануур хотыг байгуулах шийдвэр гарч, бид 10 дугаар сарын 18-нд захирагчаа сонголоо. Энэ үйл явдал Багануурын түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэх нь дамжиггүй. Хот маань дүрэмтэй, эрх зүйн хувьд ч баталгаажлаа. Ардчилсан нам олон жилийн туршид Багануурыг хот болгохын төлөө ажиллаж ирсэн бөгөөд энэ жил бие даасан хот болох эхний алхам дагуул хотын шийдвэрийг гаргууллаа. Чамлахаар чанга атга гэдэг. Багануур маань дагуул хотоос бие даасан, том хот болох эхний шан гэж харж байна.
  • Хот болон хөгжихөд хамгийн чухал зүйл бол дэд бүтэц, мөн чанартай бүтээн байгуулалтууд. Энэ чиглэлд ямар ажлуудыг хийв?
  • Бид 2013 оноос эхлэн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг маш эрчимтэй хийсэн. Нийтдээ 47 тэрбум төгрөгийн ажил өнгөрсөн 3 жилийн хугацаанд хийгджээ. Үүнд 3,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар дулааныг үл хамаарах схемд шилжүүлсэн ажил, түүний үргэлжлэл болж хийгдсэн хувьсах насосны ажлууд багтаж байна. Үүний зэрэгцээ гэр хорооллын дундуур хатуу хучилттай замын ажлыг эхлүүлсэн. Зам барилгын тэргүүлэгч “Ялгуусан” ХХК гүйцэтгэгчээр ажиллаж байгаа бөгөөд ирэх хавар ажлаа дуусгана. 3 жилийн ажлыг нэг амьсгаагаар хэлэхэд хэцүү учраас жаахан тоймлоод явъя. 2013 онд 7 дугаар байр, 2015 онд 47 дугаар байрны фасад засварыг хийлээ. 2016 онд 22 дугаарыг байранд фасад засвар хийнэ. Хуучин угсармалууд маань дулаан алдалт ихтэй болж, өнгө үзэмж ч муудаж байна. Нэг жилд бүгдийг нь засч чадахгүй ч гэсэн эрэмбэлээд шат дараатай засч байна. 2013 онд гэр хороололд хүүхдийн тоглоомын талбай байгуулах ажлыг хийж, мөн ондоо 269 сая төгрөг зарцуулсан бол 2015 онд 220 сая төгрөгөөр 10-16 дугаар байрны орчмыг тохижууллаа. Хүн цуглаж, хүүхэд шуугисан, өтгөс нарлаж үе тэнгийхэн дуулалдсан үр дүнртэй хөрөнгө оруулалт болло гэж иргэд маань ам сайтай байгаа. Тийм ч учраас 2016 онд 40-47-р байр, 49-54-р байрны орчимд иж бүрэн тохижилтын ажил хийхээр орон нутгийн хөгжлийн сангаар хийх ажлын жагсаалтад оруулсан. Хавар, зун, намар гурван улирал орон сууцны иргэдийн толгойны өвчин болдог дээвэр засварын ажлууд чэрчимтэй хийгдлээ. Зөвхөн энэ жил л гэхэд 180 сая төгрөгний өртгөөр 5 байрны дээвэр зассан. Дүүрэгт байгаа бүх байрны дээврийг ганц хоёрхон жилд засчихна гэж байхгүй. Гэхдээ боломжийн хэрээр засч, зассан дээврүүдээс ус гоожлоо гэх гомдол ирээгүй ажиллаж байна.
  • Сонгуулийн жил эхлэх гэж байна. Хаа сайгүй улстөрийн тухай яриа өрнөж, дараагийн ИТХ, УИХ-д хэн хэн нэр дэвших бол гэсэн таамаг яриа өрнөж байна. Мэдээж өмнөх сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан ИТХ-д дүн тавих цаг ирж байна...
  • 2012 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан ИТХ маань МАН, АН-ын эн тэнцүүхэн төлөөлөлтэй. Эвсэж, нийлээд ажлаа урагшлуул гэж иргэд маань эн тэнцүү санал өгсөн. Өнгөрсөн хугацаанд эвлэж нийлээд хийсэн ажлууд ч олон бий. “Шувуун саарал” цогцолбороос эхлээд нүдэнд харагдах зүйлс боссон байна шүү дээ. Миний хувьд ултөржилт гэдэг зүйл сонгуулийнхаа үеэр яваад дуусах ёстой гэж боддог. Тийм учраас одоо улстөржиж элдэв асуудал үүсгэж болохгүй. Наана нь ард түмний амьдрал явж байна шүү дээ. 2016 оны сонгууль болдгоороо болно. Ард түмэн үнэлгээгээ өгөөд сонгуулийн үр дүн гарна. Тэр болтол элдэв асуудал үүсгэлгүй ажлаа л хийх ёстой.
  • Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт эрүүл чийрэг, эрдэм боловсролтой Багануур гэсэн хэсэг байдаг. Хэрэгжилт хэр байна вэ?
  • Бүрэн эрхийн хугацаа хэрэгжээд 3 жил өнгөрсөн. Мөрийн хөтөлбөрийн биелэлтийг ИТХ дүгнэж 84,5 хувь байна гэж үзсэн. Үүнээс биелэлт өндөртэй яваа үзүүлэлтүүд бол яах аргагүй эрдэм боловсролтой, эрүүл чийрэг Багануур зорилтууд. Энэ бүрэн эрхийн хугацаанд 640 хүүхдийн суудалтай 125 дугаар сургууль, 100 хүүхдийн ортой 194 ддүгээр цэцэрлэг, 280 хүүхдийн 193 дугаар, 100 хүүхдийн ортой 235 дугаар цэцэрлэгүүд ашиглалтад орлоо. СӨБ хамрагдалт 100 хувьд хүрч, иргэдийн талархалыг хүлээлээ. Энэ жил 5 дугаар хороонд 240 хүүхдийн ортой 2,9 тэрбум төгрөгийн өртөгтэй цэцэрлэгийг нийслэлийн хөрөнгө оруулалтаар барьж эхэллээ. “Олон тоосго” ХХК гүйцэтгэгчээр ажиллаж 2016 оны 9 дүгээр сарын 1-нд ашиглалтад оруулна. Ингэснээр Багануурчууд ойрын 5 жилдээ цэцэрлэгт санаа тавих шаардлагагүй болно. Мөн 2016 оны Орон нутгийн хөгжлийн сангийн 500 сая төгрөгөөр Их гүн хэсэгт бага сургуулийн барилгыг эхлүүлэхээр боллоо. Багш бүр зөөврийн компъютертэй болж, бага дунд боловсролын цөм хөтөлбөр хэрэгжиж үр дүнгээ өгсөн. Орон нутгийн хөгжлийн сангаас “Боловсролын гудамж”-ийг бүрэн тохижуулж “Гүн галуутайн гудамж”-ны тохижилтын аждыг эхлүүллээ. Мөн Боловсролын гудамжнаас 125-р сургууль хүртэлх тохижилтыг хийснээр боловсролын байгууллагуудын орчим ногоон байгууламж, гэрэлтүүлэг, хогийн сав, сандал суудалтай тохилог боллоо. Цэцэрлэг сургуулиудад иж бүрэн засвар хийсэн гээд дурдаад байвал олон ажил байна. Манай дүүргийн боловсролын салбарт гарсан ахиц, хөрөнгө оруулалт улсын хэмжээнд үнэлэгдэж байна. Тэгвэл эрүүл мэндийн салбарт ч анхааран ажиллаж, ахиц гаргасан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд Эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхэд цахилгаан шатгүй гэсэн асуудал тавьдаг байсан. Олон жил шийдэгдээгүй асуудал энэ жил шийдэгдлээ. Мөн эмгэг нярайн тасаг байгуулагдаж, гемодиализийн тасагтай боллоо. Эрүүл мэндийн боловсролгүйгээс болж халдварт бус өвчинд нэрвэгддэг эмнэлэг төвтэй тогтолцооноос эрүүл хүн төвтэй тогтолцоонд шилжих томоохон алхмыг хийж Нийгмийн эрүүл мэндийн төвийг ашиглалтад орууллаа шүү дээ. Өрхийн эмнэлгүүд шээсний шинжилгээ авч эхэлсэн нь ч дэвшилт. Дүүргийн эрүүл мэндийн төв томографи зураг авдаг болсон нь ч дэвшил. 2016 онд эрүүл мэндийн салбарт дахин хөрөнгө оруулалт хийж дуудлагын авто машин, элэгний ВС вирус тоолдог аппарат, зарим өрхийн эрүүл мэндийн төвд тоног төхөөрөмж авч өгнө. Хүн нь эрүүл, хүүхэд нь боловсролтой байж гэмээнэ хөгжил дэвшилд хүрсэн Багануурын тухай ярих боломж бүрдэнэ.
  • Дүүргийн гэлтгүй улс орны хэмжээнд эдийн засаг хямарч байна. Үүнийг дагаад ажилгүйдэл, ядуурал ихсэж байгаа тухай дээр дооргүй ярьж байна. Тэгвэл иргэдээ ажилтай, орлоготой болгох тал дээр хэрхэн ажиллав?
  • Иргэдээ ажилтай орлоготой болгох, ажлын байр нэмэгдүүлэх нь бидний хамгийн том үүрэг. Шинээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн, төсвөөс цалинждаг найдвартай ажлын байрууд нэмэгдэж байна. 193, 194, 235 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлснээр 80 гаруй ажлын байр шинээр бий болсон. Багануур дүүргийн хөдөлмөрийн хэлтэс олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийн дээр хөдөлмөр зуучлалын үйл ажиллагааг ч явуулсаар ирлээ. Төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд хувиараа хөдөлмөр эрхэлж багаа иргэдэд урт хугацаатай, хамгийн бага хүүтэй, ажлын байр шинээр бий болгох, ажлын байрыг хадгалж үлдэх зорилгоор зээл, санхүүгийн буцалтгүй дэмжлэгийг үзүүлж олон хүн ажлын байраар хангагдсан. Жижиг дунд бизнес эрхлэгчдэд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээл, ХЭДС-ийн санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. 2014 онд санхүүгийн дэмжлэгт 36 төслийг шалгаруулж гэрээ байгуулсны үндсэн дээр 40 сая төгрөгийн санхүүжилт олгосон. Мөн бичил зээлийн хүрээнд нэг ажлын байр бий болгоход 1 сая төгрөгөөр тооцож, нэг төсөлд 5 хүртэл сая төгрөгийн санхүүжилт олгох зориулалтаар 200 сая төгрөгийн санхүүжилтийг Төрийн банкаар дамжуулан 2014 онд 48 төсөлд 187,5 сая төгрөгийн зээл олгогдсон. Тэгвэл 2015 онд 250 сая төгрөг хуваарилагдан ирж Хөдөлмөрийн хэлтсээр дамжин Капитал банкаар олгогдож байна. Одоогийн байдлаар нэг ажлын байрыг 1,5 сая төгрөгт тооцон 25 иргэн 105 сая төгрөгийн санхүүжиль авчээ. Мөн дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд дээр орон тоо нэмэгдэж нийт дүнгээр 2013 онд 610 иргэн, 2014 онд 700 гаруй, 2015 онд ...... ажлын байр бий болжээ. Дүүргийн төр захиргааны байгууллагаас баримталж байгаа бодлогын хүрээнд ийн ажлын байр нэмэгдэж байгаа бол Засгийн газраас дүүрэгт хэрэгжих томоохон төслүүдийн хүрээнд олон ажлын байр нэмэгдэх төлөвтэй байна. Аль 1990 оноос хойш яригдаж байгаа Багануурын цахилгаан станцын асуудал энэ он гарсаар шийдвэрлэгдлээ. Концесс зарлагдаад гүйцэтгэх компани шалгарч гэрээ байгуулсан. Саяхан надтай ирж уулзаад явсан. Ажлаа эхлүүлэхэд бэлэн болж байгаа юм байна лээ. Бүтээн байгуулалтын үед ажлын байр гарахаас гадна станц ашиглалтад орсноор 1000 гаруй хүний ажлын байр бий болно гэдгийг уулзалтын үеэр надад танилцуулсан. Хамгийн гол нь залуучууд маань цахилгаан станцад ажиллах мэргэжлийг сонгон суралцах, мэдлэгээ дээшлүүлж чадах л юм бол ажлын байртай болох боломж тэр хэрээр нэмэгдэнэ.
  • Төр засгаас харж үзээд жаахан дэмнээд өгчихвөл жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, бизнесменүүд ажлын байр бий болгож, амь амьдралаа аваад явна. Тэднийг дэмжих чиглэлээр ямар бодлого барьж байна вэ?
  • 2013 онд Багануур дүүрэгт жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв байгуулагдсан. Энэ төв нь жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд сургалт явуулах, бойжуулах төвдөө үнэ төлбөргүйгээр өрөө тасалгаагаар хангаж жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг хөл дээр нь босгох ажлыг гүйцэтгэж байна. Төв байгуулагдсанаас хойш 3 жилийн хугацаанд ЖДҮЭрхлэгчид бизнесээ өргөжүүлэх, ажлын байраа нэмэгдүүлэх ажил эрчимжсэн. Саяхан бид бойжуулах үйлчилгээнд хамрагдсан ЖДҮ эрхлэгчдээ хүлээн авч талархал илэрхийлсэн. Одоо шинээр бойжигчдыг ЖДҮДТөв бүртгэж байгаа. 2014 онд хөдөө аж ахуй, газар тариалан эрхлэгчдийн зөвлөгөөнөө зохион байгуулж, энэ салбарт баримтлах бодлогоо дүүрэг маань тодорхойлж агропарк байгуулахаар болссныг иргэд маань мэдэж байгаа бизээ. ИТХ-аас газар зохион байгуулалтьн төлөвлөгөөний тодотголоор Нарийн нуурт агропаркийн зориулалтаар 40 га газар олгохоор шийдвэрлэсэн. Анх ногоо тарьж сурах иргэн 0,5-1 га газар авч мэргэжлийн хүний тусламжтайгаар 1-2 жил газар тариалан эрхэлнэ. Сураад дадаад ирэхээрээ өөрийн гэсэн газраа аваад тусдаа гарч дараагийн иргэн сурах байдлаар явах юм. Мөн 50-100 тоннын багтаамжтай зоорь барина. Усалгааны асуудлыг шийднэ. Ингэж газар тариалангийн асуудлыг иж бүрнээр нь шийдвэрлэнэ.
  • 2013 онд Нарийн хэсэгт дэд бүтцийн ажил хийгдсэн бол 2014 онд зогсонги байдалд өнжсөн. Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийн цөм асуудал ингээд гацлаа гэж харах хүн ч байна шүү дээ...
  • Амины орон сууцтай болгох, гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх ажил бол ардчилсан намын мөрийн хөтөлбөрийн цөм гэдэгтэй санал нэг байна. Анх дүүрэг маань улсын хэмжээнд гэргүй хот хэмээн алдаршиж байлаа. Ард иргэдийн амьдралын хэрэгцээ шаардлагаар гэр хороолол нэмэгдсээр өнөөдрийн хэмжээнд хүрсэн. Гэр хороолол нэмэгдсэн хэдий ч Улаанбаатар шиг хүндэрчихээгүй байна. Одоо нийт 6000 гаруй өрх гэр хороололд амьдарч байна. Хөрөнгө мөнгө нь байвал дэд бүтэцжүүлэх бүрэн боломжтой. Бид 2013 онд орон нутгийн хөгжлийн сангаас 500 сая төгрөг гарган Нарийн хэсгийн 1-4 дүгээр гудамжны 60 шахам айлыг дэд бүтцэд холбосон. Дэд бүтэц бүхий амины орон сууц ямар байдаг вэ гэдгийг тэндээс бодитоор харж болно. Энэ ажлаа цааш нь үргэлжлүүлье гэхээр улсын хэмжээнд эдийн засгийн боломж тааруугаас санхүүжилтгүй болчихоод байгаа юм. Дэд бүтэц бий болгоход асар өртөг шаарддаг. Бид амины орон сууцанд амьдрах хүсэлтэй иргэдээс өргөдөл авсан. 1000 гаруй иргэн өргөдлөө өгсөн учраас 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 300 айлын амины орон сууц барих 28 га газрыг оруулж, ИТХ-аар батлуулсан. Энэ газар дээр төсөл сонгон шаргалуулалт явуулаад 10 гаруй компаниас санал ирж гүйцэтгэгчээр "Бандиа" ХХК, "Цахирт-Ану" ХХК, "Хүслэн дэлгэрэх" ХХК-нууд шалгарч Засаг даргатай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Одоо ажил нь яваад овоо болж байна. Зөвхөн “Хүслэн дэлгэрэх” ХХК энэ онд 20 гаруй амины орон сууц ашиглалтад оруулж байна. Дэд бүтцийн асуудлыг нь шийдвэрлэхээр 2016 оны орон нутгийн хөгжлийн сангаас 100 сая төгрөг хуваарилсан. 1м2 –ийн үнийг 1,1 саяас хэтрүүлэхгүй байх үүргийг гүйцэтгэгч компаниуд хүлээж байгаа. Дэлхийн жишигт хүрсэн амины орон сууцны хорооллыг бий болгох үүднээс компаниудтай гэрээ хийж ажиллаж байгаа юм. Мөн энэ жил 590 айлын жишиг хорооллын хашааг бариулах тендэр зарлагдаж 2 компани, 1 иргэн гүйцэтгэгчээр шалгарсан. Эхний ээлжийн 60 гаруй хашааг барьчихаад байгаа бөгөөд хашааны үнийн дүн 4 сая төгрөгөөр иргэдэд олгоглох юм. Хэрвээ та Монгол Улсын иргэнд хуулиар олгогдсон газраа өмчилж аваагүй бол эндээс хашаа авах бүрэн боломжтой. Иргэдийн амьдрах орчныг сайжруулах чиглэлд манай баг, хамт олон үнэхээр сэтгэл гаргаж ажилласан. Үр дүн нь өнөөдөр биш ч маргааш гарч, иргэд үр шимийг нь хүртэнэ. Эрүүл чийрэг байхын тулд спортын олон төрлийг хөгжүүлэхэд анхаарч байна. Мөн олон жил засвар ороогүй спорт ордон маань өнгөө засч, үйл ажиллагаагаа сайжрууллаа. Дусаал гоожхоо больсон, дасгалжуулагчид өрөөтэй болсон, душ ажилладаг болсон гээд тоочоод байвал өөрчлөлт багагүй гарсан.
  • Монгол хүн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй хэмээн Үндсэн хуулиндаа заасан байдаг. Энэ чиглэлд ямар ажлуудыг хийж байгаа вэ?
  • Эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэхэд олон зүйл хамаарна. Юуны түрүүнд эрүүл хүнс хамгийн чухал. Энэ чиглэлээр бид дүүргийнхээ ногоочдыг бэлтгэж байгаа талаар дээр дурдсан. Бага газраас их ургац авах, авсан ургацаараа дүүргийнхээ хэрэгцээг бүрэн хангах зорилго биелэхэд ойрхон байна. 2013 оноос эхлэн гэр хорооллын иргэдийн амьдрах нөхцлийг сайжруулах чиглэлээр шат дараатай ажлууд хийгдэж байна. Үүний нэг нь 5 дугаар хорооны Нарийн хэсгийн 23-33 дугаар гудамжны гэрэлтүүлгийг шинээр хийсэн ажил. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар 192 сая төгрөгийн өртөгтэйгөөр дээрх гудамжуудад 139 ширхэг лед гэрлийг суурилуулсан. Цаашид гэр хорооллыг ийм маягаар дэд бүтэцтэй болгоно. Төв зам дагуух болон гэр хорооллын хэсэг хоорондын гэрэлтүүлэг ерөнхийдөө шийдэгдээд байгаа бол одоо гудамж бүрийг гэрэлтэй болгоход анхаарна гэсэн үг. Орон сууцны хороололд ч амьдрах орчныг сайжруулах чиглэлээр багагүй ажил хийгдлээ. Үүнд “Боловсролын гудамж”, “Гүн галуутай”-н гудамжны ажил ч багтана. Мөн 10-16 дугаар байрны орчим тохижилт хийсэн. Усан оргилуур, ногоон байгууламж, гэрэлтүүлэтэй жишиг байхаар хийгдсэн нь иргэдийн сэтгэлд хүрч байна. 2016 онд ч энэ ажил үргэлжилнэ. Ногоон байгууламж нэмэгдүүлэх чиглэлээр Баясгалант төглийг нээж, эрүүл мэндийн төвийн өмнөх талбайг ногоон байгууламжтай болгохоор ажлууд хийгдсэн. Энэ талбайн дунд Багануур хотын бэлгэдэл Мэлхийт хөшөөг байрлуулсан. Аюулгүй орчны салшгүй нэг хэсэг нь нийтийн тээвэр. Манай дүүргийн нийтийн тээврийн үйлчилгээнд олон жил бага оврын автобус үйлчилж байсан. 2013 оноос парк шинэчлэлтийг тасралтгүй хийж, дунд оврын автобуст бүрэн шилжлээ. Дунд оврын автобуснуудыг оруулж ирэхдээ “0” гүйлттэй цоо шинэ автобусуудыг авсан. Ашиглалтын зардал багасахын зэрэгцээ иргэд маань аюулгүй, цэвэр тохилог орчинд үйлчлүүлэх боломж бүрдсэн. Мөн 2015 оноос нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн санаачлагаар хөршийн холбоо байгуулах ажил өрнөж байна. Хөршийн холбоо байгуулах ажил манай дүүрэгт хэрэгжиж байна. Бие биенээ, айл хөршөө таньж мэдэхээ больчихоод байгаа энэ үед хөршийн холбоо байгуулан ажиллах нь үр дүнтэй гэдэгт итгэлтэй байна. Цагдаа эрүүл мэндийн байгууллагатай хамтран архи согтууруулах ундаа тогтмол хэрэглэдэг, архины хамааралтай иргэдийг эрүүлжүүлэх, нийгэмшүүлэх ажлыг өрнүүлж, 40 гаруй хүн хамрагдсан. Эрүүл аюулгүй орчны эхлэл бол архины хамаарлаас татгалзахтай ч шууд хамааралтай.
  • Сүүлийн жилүүдэд, тэр тусмаа 2014, 2015 онуудад дүүргийн маань иргэдийн газар өмчлөлийн асуудал эерэгээр шийдэгдэж байна. Хуулиараа Монгол Улсын иргэн бүр газар өмчлөх эрхтэй байгаа. Одоо газар өмчилсөн иргэдийн тоо нийт хүн амын хэдэн хувийг эзэлж байна вэ?
  • Газар бол иргэний үнэт баялаг. Нийслэлээс цахим газар олголтыг зохион байгуулж энэ хүрээнд Багануур дүүргийн Тариан булаг 1, 2 болон “Булагтай” хэсгүүдэд ямар нэгэн хүнд суртал, ар өврийн хаалгагүйгээр газар өмчлүүлэх ажил явагдсан. Шударгаар иргэд маань өөрийн гэсэн газартай болж байна. Тариан булаг 1, 2 хэсэгт 17,000 иргэнд газар өмчлүүлсний 50 орчим хувь нь дүүргийн иргэд байна. Харин “Булагтай” хэсэгт төлөвлөлт хийгдэж 9000 иргэнд газар олгохоор болсны 7000 иргэн нь 2012-2013 онд газрын өргөдөл өгсөн иргэдэд байгаа. Цахимаар газар өмчлөх жагсаалтад Булагтай хэсэг багтсан ч Нийслэлийн удирдлагуудыг 2014 оны 11 дүгээр сарын 19-нд хотын дүрэм хэлэлцүүлэхээр ирсэн үед нь хүсэлт тавьж хүсэлт тавьж 7000 иргэнд давуу эрх олгон цахим бүртгэлээр бус шууд олгох асуудлыг шийдвэрлүүлсэн. Үлдсэн 980 нэгж талбарт цахим бүртгэл явуулж нийслэл төдийгүй манай дүүргийн иргэд ч хамрагдсан. Олон жил сунжирсан асуудал ингэж нэг мөр шийдэгдсэн. 2015 оны эдийн засаг нийгмийн зорилтын биелэлтийг дүгнэхэд дүүргийн 30000 хүний 47,5 хувь нь өөрийн гөзөртай болсон гэсэн статистк тоо гарсан. Энэ бол нийслэл, улсын дунджаас 2 дахин давуу үзүүлэлт. Газартай холбоотойг гарсан бас нэг дэвшил бол газрын дуудлага худалдаа. Мөнгөтэй, ар өврийн хаалгатай хүмүүс газартай болдог байдлыг арилгаж үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад газар олголтыг дуудлага худалдаагаар олгодог болсон. Ил тод нээлттэй болсон гэсэн үг. Мөн төсөл сонгон шалгаруулах замаар фермерийн, өвлийн хүлэмжний, нарийн ногоо тариалах газруулыг олгосон байна.
  • Ярианыхаа төгсгөлд авлигын талаар асууя. ИТХ-ын хурал дээр Ц.Сандаг-Очир төлөөлөгч авилга байсаар байна... гэж байсан шүү дээ...
  • Улс эх орны хэмжээнд авилга их байгаа талаар ярьсаар ирсэн. Харин энэ авилга хүнд суртлыг хэрхэн бууруулах вэ? Үүнд иргэд хэрхэн оролцох юм бэ гэдгийг бид шийдвэрлэх арга замыг хайсан. Улсын хэмжээнд шилэн дансны хууль хэрэгжиж хэн хэдэн төргөгийг юунд зарцуулж байгааг иргэд шууд хянадаг болсон. Мэдлэг мэдээлэлгүйгээс хардаж, авсан байх өгсөн байх гэсэн хардалтыг иргэд тээж, нөгөө талаасаа мэдээлэл хаалттайг далимдуулж үр ашиггүй зарцуулж байсныг ч үгүйсгэх аргагүй. Харин одоо хөрөнгө мөнгөний зарцуулалтыг шилэн дансаар шууд ил тод болгодог болсон. Мөн дүүргийн хэмжээнд авилгыг таслан зогсоох, соён гээгээрүүлэх ажлыг хийх зорилгоор Засаг даргын дэргэд Авлигаас урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх олон нийтийн салбар зөвлөл байгуулж даргаар олон жил хууль хяналтын байгууллагад үр бүтээлтэй ажилласан Х.Пүрэвсүрэнг томилсон. Үйл ажиллагаа нь ч жигдэрсэн. Сургалт судалгаа явуулахын зэрэгцээ иргэдэд мэдээлэл түгээж байна. 12 дугаар сарын 4-нд онол практикийн бага хурал хийж, судалгаагаар авлигатай байж болзошгүй гэсэн байгууллагууд илтгэл тавьж нээлттэй хэлэлцүүллээ.
  • 2016 он сонгуулийн гэдэг утгаараа үйл явдал олонтой жил болно байх...
  • 2015 он Багануурчууд бидний хувьд үр өгөөжтэй сайхан жил байлаа. 2016 он ч мөн ажил хөдөлмөр оргилсон, амжилт бүтээл дүүрэн байна бизээ. Сонгууль болдгоороо болоод л өнгөрнө. Та бид сонгууль гэж хөөрцөгдөхгүй, өөр өөрийнхөө ажилд эзэн болоод хичээвэл энэ Багануур маань хөгжинө. Ингээд нийт Багануурчууддаа танай сэтгүүлээр дамжуулан эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Б.БЯМБАДОРЖ: 3 ЖИЛИЙН ХУГАЦААНД 47 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙГДЖЭЭ  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх