Б.ХАТАНЗОРИГ: ТУЯЛЗУУР СЭЛЭМ БОЛ БОСОО ШАТАР ЮМ

2020/07/15
Б.ХАТАНЗОРИГ: ТУЯЛЗУУР СЭЛЭМ БОЛ БОСОО ШАТАР ЮМ

"Багануур ньюс" сонины архиваас. 2016 оны гуравдугаар сарын 21 №42

Монголын туялзуур сэлэмний холбооны дэд Ерөнхийлөгч, “Тайж” группын Ерөнхийлөгч, Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан Л.Ганпүрэв, Японы Аомори мужийн Имабэцү хотын засаг дарга Ёшихарү Абэ нар 2020 он хүртэл хамтран ажиллах санамж бичигт 2015 оны 10 дугаар сарын 23-нд гарын үсэг зурсан. Ингэснээр Монголын туялзуур сэлэмний холбооны өсвөрийн 5-8 тамирчин жил бүр тус хотод хамтарсан бэлтгэл хийж, суралцах бөгөөд цаашдаа тус бүс нутаг болон Монгол Улсын бусад хамтын ажиллагаанд зохих хувь нэмрээ оруулна хэмээн үзэж байгаа юм. Тэгвэл энэхүү санамж бичгийн биелэлтийг ханган энэ сарын 19-нд Монголын өсвөрийн 5 тамирчин Япон улсыг зорьлоо. Эдгээр 5 тамирчны 4 нь Багануур дүүргийн “Уурхайчин” клубын тамирчин бол дасгалжуулагчаар мөн клубын багш Б.Хатанзориг явж байна. Эдгээр тамирчдын Япон улс руу бэлтгэлд явахын өмнө уулзаж ярилцлаа.

  • Танд энэ өдрийн мэнд хүргэе. Япон улс руу хамтарсан бэлтгэлд явахаар болжээ. Ямар шалгуур хангасан тамирчид хамтарсан бэлтгэлд явах боломжтой болж байна вэ?
  • Монгол улсын туялзуур сэлэмний холбоо Токио хотод 2020 онд болох олимпод эрх авах зорилготойгоор тус улсын Аомори мужтай хамтран
    ажиллахаар гэрээ байгуулсан. Гэрээний хүрээнд жил бүр өсвөрийн тамирчдыг Япон улсад хамтарсан бэлтгэлд хамруулахаар болсон юм. Энэ 2016 онд анхны тамирчид Японыг зорих гэж байна. 3 дугаар сарын 19-өөс хамтарсан бэлтгэл маань эхэлнэ. Японд очих хүүхдүүдийг бүтэн жилийн турш оролцсон тэмцээн уралдааны амжилт, өсвөрийн тамирчдын чансаагаар нь эрэмбэлэн сонгож авсан. Энэ удаа Багануур дүүргийн “Уурхайчин” клубээс 4 тамирчин, Эрдэнэтийн “Хангарьд” клубээс 1 тамирчин, дасгалжуулагчаар миний бие явах гэж байна.
  • “Уурхайчин” туялзуур сэлэмний клубэд хэдэн тамирчин харъяалагдаж байна вэ? Энэхүү спортын ач холбогдлын тухайд...
  • Клуб байгуулагдаад 2 жил шахам хугацаа болж байна. Энэ хугацаанд 30 шахам тамирчинтай болж, тамирчид маань оролцсон тэмцээн бүртээ амжилт гаргасаар байгаа. Туялзуур сэлэм нь өндөр мэдрэмж шаардсан спорт. Хичээллэснээр хурдан сэтгэдэг болохоос гадна авхаалж самбаатай болдог. Туялзуур сэлмийг босоо шатар ч гэдэг. Толгой маш сайн ажилладаг. Гар хөл биеийн бүх хэсгийн уялдаа холбоог сайжруулдаг. Насанд хүрсэн хүмүүс ч анхлан хичээллэж болно. Эхлэн суралцагчид маань манай клубт ирснээр хувцас хэрэглэлээр хангагдан хичээллээд ур чадвар нэмэгдэж тэмцээн уралдаанд орж, амжилт гаргаад ирэхээрээ өөрсдийн гэсэн сэлэм, бусад хэрэглэлтэй болдог6

Хамтарсан бэлтгэлд “Гүн галуутай” ЦС-ийн 11-5 ангийн сурагч М.Нямжаргал, “Боловсрол” ЦС-ийн 11-7 ангийн сурагч н.Амарзаяа, “Боловсрол” ЦС-ийн 10-1 ангийн сурагч Ө.Хишигдэлгэр, “Боловсрол” ЦС-ийн 10-5 ангийн сурагч У.Маргад-Эрдэнэ нар Багануур дүүргээс оролцохоор болж Япон улсыг зориод байна. М.Нямжаргалын хувьд 2016 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний ганцаарчилсан болон багийн төрөлд хүрэл медаль, өсвөрийн улсын авага шалгаруулах тэмцээнээс алтан медаль, Багануур хотын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн тамирчин юм. Харин н.Амарзаяагийн хувьд туялзуур сэлмээр 1 жил хичээллэж байгаа бөгөөд 2016 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний багийн төрөлд хүрэл, Багануур хотын аварга шалгаруулах тэмцээний алт, 2015 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний ганцаарчилсан төрөлд мөнгөн медаль хүртэж байжээ. “Боловсрол” ЦСийн 10-1 ангийн сурагч Ө.Хишигдэлгэр нь 2016 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний багийн төрөлд хүрэл, өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, хүрэл медаль хүртсэн тамирчин юм байна.

Б.ХАТАНЗОРИГ: ТУЯЛЗУУР СЭЛЭМ БОЛ БОСОО ШАТАР ЮМ  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх