М.ГОНЧИГЖАВ: ХӨДӨЛМӨРИЙН ГАРАА ХҮҮХЭД НАСАНД МИНЬ ЭХЭЛСЭН

2020/07/15
М.ГОНЧИГЖАВ: ХӨДӨЛМӨРИЙН ГАРАА ХҮҮХЭД НАСАНД МИНЬ ЭХЭЛСЭН

"Багануур ньюс" сонины архиваас. 2016 оны дөрөвдүгээр сарын 18 №44

Багануур дүүргийн Засаг даргаар 2013-2014 онд 1 жил 6 сарын хугацаатай ажилласан, одоо эмээлтийн үйлдвэр технологийн паркийн даргаар ажиллаж буй М.Гончигжавтай уулзлаа. Түүнийг дугаарын зочноор урьж хүүхэд насны дурсамж, оюутан ахуй үе, улстөрийн зөрчил, өнөөдрийн хийж буй ажил албаных нь талаар ярилцсанаа хүргэе.

  • Сайн байна уу? Ойрд уулзсангүй. Багануураар ирж байна уу?
  • Юуны өмнө нийт Багануурчууддаа энэ өдрийн мэнд хүргэе. Би ажил төрлийн шугамаар ч тэр, хувь амьдрал маань ч тэр Баганууртай салшгүй холбоотой. Байнга л ирж байдаг. Сүүлд дүүргийн намын хорооны хуралд оролцохоор очсон.
  • Улаанбаатарт эрхэлж байгаа ажлынхаа талаар танилцуулахгүй юу? Дүүргийн Засаг даргын ажлаа өгөөд Эмээлтийн үйлдвэр технологийн паркийн дарга болсон гэсэн...
  • Олон жил яригдсан боловч хараахан бүтээн байгуулалт болж амжаагүй байсан Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн паркийг байгуулж хөгжүүлэх төслийг хэрэгжүүлэх үүргийг Нийслэлийн удирдлагууд надад өгсөн. 2014 оны 6 дугаар сараас хойш 2 сар орчим явж байгууллагаа шинээр байгуулж, 1 жилийн дотор парк байгуулах бэлтгэл ажлуудыг дуусгаад байна. Одоо газар дээрээ цахилгаан хангамж тавьж эхэлсэн. Энэ жилээс цэвэрлэх байгууламж, дулааны станц барих ажлуудыг эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Энэхүү парк нь арьс ширийг дэлхийн түвшинд боловсруулан эцсийн бүтээгдэхүүнийг экспортлох үндсэн чиглэлтэй газар. Парк ашиглалтанд орсоноор 10,000 орчим ажлын байр бий болж, жилдээ нэг их наяд төгрөгний борлуулалт хийх юм. Мөн паркийг түшиглэн “Эмээлт – Аргалант” гэсэн дагуул хот байгуулагдана.
  • Таны Багануур дүүрэгт ажиллаж байсан ажил үйлсийн талаар хүмүүс сайн мэднэ. Тэгэхээр хоёулаа яриагаа арай өөр сэдвээр үргэлжлүүлье. Таны хүүхэд насны дурсамжуудыг хуваалцъя..
  • Би Увс аймгийн Улаангом суманд 1965 онд ажилчин аавын хүү болон мэндэлсэн. Тухайн үеийн эгэл жирийн дундаж амьдралтай айлын хүүхдийн жишгээр л хүн болсон. Гэхдээ амьдралд минь хэд хэдэн содон, сонин гэмээр зүйлүүд бий. Энэ бүхэн аавтай минь салшгүй холбоотой гэдгийг нэхэн санах бүртээ аавдаа чин сэтгэлээсээ талархаж, шүтээн болсон нэрийг нь өндөрт өргөж явахсан гэж боддог юм. Миний аав тээврийн жолооч Мөнгөн гэж байгууллагадаа төдийгүй аймагтаа гайхагдсан хөдөлмөрч, нутаг усандаа нэр хүндтэй хүн байлаа. Хөдөлмөрч гэдгийг нь нотлох олон удаагийн аваргын диплом одоо ч хадгалагдан буй. Аав минь ажил хөдөлмөрийг шүтдэг, зарчимч, өндөр шаардлагатай, ажил амьдралын ухаан цогцолсон, 10 хүүхдээ хүний дайтай хүн болгохын төлөө өөрийн биеийг умартан хөдөлмөрлөсөн хүн байсан. Аавынхаа нөр их хөдөлмөр, үрээ гэх сэтгэлийн ачаар 7 хүүхэд нь дээд боловсрол эзэмшсэн. Хүүхдийн өссөн орчин, гэр бүл түүний хүн болох эх суурийг тавьдаг. Гэр бүлийн гишүүдийн зохион байгуулалт, харилцан уялдаа, эв нэгдэл нь хүүхдийн зөв төлөвшилд нэн чухал үүрэгтэй. Ээж аавын маань эрхэлж байгаа ажилдаа хандаж байгаа хандлага надад нөлөөлсөн гэж би хожим ч гэсэн тайлж бодсон. Аав маань хөдөлмөрөөр дамжуулж хүүхдийг хүмүүжүүлэх нь хамгийн сайн арга гэж үздэг хүн байв. Ганцхан жишээг сонин болгоход намайг дунд сургуулийн 3 дугаар анги төгсдөг жилээс ажил хийлгэсэн хүн. Тэгэхдээ хүчилж бус хөдөлмөрлөхийн сайхныг ойлгуулах амлалт өгсөн юм. Тэр
    жил намайг 3 дугаар ангиа онц төгсөөд, зуны амралтаар нэг сар ажил хийвэл Улаанбаатар хот руу дагуулж явна. Унадаг дугуй авч өгнө хэмээн амалсан хэрэг. Ахтайгаа хоёулаа аавын саналыг уухайн тас зөвшөөрлөө. Алс хол баруун аймагт амьдардаг хөдөөгийн бидэнд улсын нийслэл Улаанбаатар хотыг үзэж, унадаг дугуй авахуулна гэдэг бараг зүүдэнд ч оромгүй сайхан үйл явдал. Улаанбаатар явна, унадаг дугуй авахуулна гэдэг аавын амлалт биднийг тухайн үедээ мөрөөдөлд хөтөлж байсан юм. Одоогийн хүүхдүүд шоолмоор юм шиг энэ амлалт тэр
    үед алс Увсын арван настай хүүд урамших, урагшлах хүч өгч билээ. Зуны ажил хийх бэлтгэлд ах бид хоёр ханцуй шамлан орж, энд тэндээс эд ангийг нь олж ундаг дугуй босгов. Учир нь ажил хийх газар маань манай зуслангаас 10-аад километрийн зайтан байсан хэрэг. Зуны улирал эхлэхтэй зэрэгцэн онц гарах амлалтаа биелүүлсэн би аймгийн тоосгоны заводод ажилд орлоо. Орлоо ч юу байхав. Аав маань ажилд орууллаа. Ах бид хоёр өглөө 6 цагт босч, 5 литр хар цай боов, боорцог ганзагалаад өөрсдийн босгосон дугуйгаараа ажилдаа гарч өгнө. Өдөрт 1000 шахам тоосго зөөдөг байсан санагдана. Дугуй маань хуучин муу болохоор орой буцахад дугуй нь хагарч, дугуйгаа түрсээр гэртээ ирэх нь олонтаа байв. Гэлээ гээд шантарч, ядарч байсангүй. Ажлаасаа ирээд орой бүр шахам гандан буурахгүй дугуйгаа нөхөж, өглөө ажилдаа явах бэлтгэлээ базаана. Ингэсээр амлалт өгсөн 1 сар дууслаа. Ах бид хоёр шударга хөдөлмөрийн хөлс болгож тус бүртээ 400 төгрөг авч байлаа.
  • Мэдээж аав тань амлалтаа биелүүлсэн байх. Хотод ирээд ямар сэтгэгдэл төрж байсан бэ?
  • Хэлсэндээ хүрээд онц гарчихсан, нэг сар ажил хийгээд цалингаа авчихсан бид хоёрыг аав маань кабиндаа суулгаад Улаанбаатар руу явсныг одоо хэр мартдаггүй. Тэр өдөр ажил хийх, цалин авахаас илүү аавтайгаа хамт хот явах илүү сайхан байсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Тэр үед өнөөгийнх шиг хар зам, хурдан жийп байсангүй. Тээврийн тэргээр явж байв. Алсын замд цонхоор харж шинэ газар орны сайхныг бахдахын зэрэгцээ ажигласан нэг зүйл маань зам дагуу хаягдсан архи, ундааны шил. Энэ шилнүүдийг цуглуулаад нөгөөх унадаг дугуй авах мөнгөө аривжуулах “мэргэн” санаа төрж аавдаа хэлсэн юм. Аав маань зарчимч хүн болохоор олон удаа зогсож хугацаа алдаж болохгүй, цөөн удаа зогсоход ажлаа амжуулж чадвал тэг хэмээн зөвшөөрөв. Үүнийг ёсоор болгож, 50 мөнгөний үнэтэй шил 100-г цуглуулан цалингийн 400 төгрөг дээрээ 50-ийг нэмчихлээ. Улаанбаатар хотыг үзэж соёлыг гайхан нүд нээгдэж, зорилгоо биелүүлсэн бид ээж, эгч, дүү нартаа баахан бэлэгтэй ирж гэр дүүрэн баяр хөөр болж билээ. Ажил хийвэл ам тосдоно гэдэг үгийг амьдрал дээр жинхэнэ утгаар нь ойлгуулах анхны алхам, шан нь энэ байж хэмээн хожмоо би ойлгон аавынхаа хөдөлмөрийг шүтэх тэр үзлийг шүтэх болсон юм. Хөдөлмөрийг шүтэж амьдрах хүмүүжил, зан заншил 3 дугаар ангийн 10 настай байх үеэс эхэлж, түүнээс хойш жил бүрийн зуны амралтаар хөдөө сумын барилга дээр ажилладаг болсон юм. Сүүлд 9 дүгээр ангиа төгсгөөд хөдөө ажиллан, улсын их баяр наадмын урд өдөр самосвал машин дээр аав, ээждээ шөлний хоньтой ирж байлаа. Унаа тэрэг ховор байсан болохоор самосвал машин дээр хоньтойгоо хамт ирж, аав ээж минь “Хүү маань одоо ч алзахаагүй болж... Шинэ шөл уулгахтай” боллоо хэмээж байсныг одоо ч мартдаггүй. Аав ээждээ тусалж, амьдралд алзахааргүй болжээ гэдэг үг 10 настай үедээ урамшин баярлаж байсан шиг намайг урагшлуулж, хөдөлмөрт хөтөлсөн юм.
  • Замын хажуугаар байгаа шилийг цуглуулаад тушаана гэхээр багагүй бизнес сэтгэлгээтэй байж дээ. Хожим бизнес хийж байсан үе бий юу?
  • 1989 оны ардчилсан хувьсгалын дараа ганзгын наймаанд яваагүй хүн байхгүй гэхэд хилсдэхгүй. Би ч гэсэн явж л байлаа. Зах зээлийн ороо бусгаа үед эхнэр, 2 хүүхдээ хүний дайтай авч явахын тулд мөрөөдөж сонгосон мэргэжлээсээ татгалзан, ганзагын наймаа хийсэн. Тэр үед ганзагын наймаа эрхэлж, бизнесийн салбарт хөл тавьж байсан иргэд яах аргагүй өнөөдрийн их баялгийн эзэд мөн гэж би хувьдаа боддог юм. Эхлээд ахтайгаа Орос, Польшийн хооронд наймаа хийж үзлээ. Дараа нь одоо Багануурт амьдарч, бизнес эрхэлж байгаа О.Оюунбат ахтайгаа хамтран Орос, Хятад, хөдөөгүүр явж үзлээ. Явсан газар бүрээсээ сурч, бизнес хийсний үр дүнд өөрийн байр, бизнесийн хуримтлалтай болсон. Гэсэн ч бизнесийн төлөө би бүх амьдралаа зориулалгүй эргээд эмнэлэгтээ, мэргэжлийн байгууллагадаа ирсэн юм.
  • Эмчийн мэргэжлийг мөрөөдөж эзэмшсэн гэлээ шүү дээ. Яагаад энэ мэргэжлийг сонгосон юм бэ? Оюутан цагийн дурсамж амьдралд тод мөрөө үлдээдэг шүү дээ. Тэр цагаа эргэн дурсвал...
  • Оюутан ахуй үе, оюутан насны дурсамжхамгийн сайхан. Тэр л сайхан цаг үе, гэгээн дурсамж маань Казакстан улсын Анагаах ухааны их сургуультай салшгүй холбоотой. 10 дугаар ангиа алтан медальтай дүүргэж, Казакстан улсын Анагаах ухааны их сургуульд элсэн ороод эхний 2 жилийг хичээл ном гэсээр өнгөрөөсөн. Харин 3 дугаар курст орсныхоо дараа хэн ч тоохгүй байхад сувилагч, асрагч нарыг гуйж хагалгаа орох хугацааг сэм тандаж, хагалгаа эхлэх үед сайн дураараа ороод ажиллачихдаг “хэнхэг” болсон юм. Хөөгдөж туугдах энүүхэнд. Шөнөдөө хагалгаа хүлээгээд эмнэлэгийн коридорт үүрэглээд л сууна. Ингэж явсаар нэг жилийн дараа олон сайхан эмч нартай танилцаж, найз нөхөд, ах дүүс мэт болсонсон. Бүр эмнэлэг дээр жижүүрлэхдээ байрладаг умгар өрөөтэй болоод амжсан гээд л бод. Ингэж 6 жил мэрийн суралцсаны эцэст сургуулиа улаан дипломтой төгсгөж, 3 хагалгааг маш сайн хийдэг болоод эх орондоо ирж байлаа.
  • Хөөх та чинь тэгвэл ёстой “гавал” байж. Сургуульдаа ингэж нэрлүүлж байсан байх даа...
  • /Инээв/. Учиргүй нэр хоч зүүж байсангүй ээ. Гэхдээ сургууль төгсөх жил “Залуучуудын үнэн” сонины сурвалжлагч н.Даваадорж гэдэг хүн Алма-ата хотод ирж сурвалжлага хийсэн юм. Олон оюутнуудтай уулзсан. Тэдний нэг нь би байлаа. Тэгсэн “Залуучуудын үнэн” сонинд миний тухай нийтлэл нэлээд тод томруун гарсан нь төгсөөд ирээд ажилд ороход бараг “гай” болж билээ. Тухайн үед дотоодод төдийгүй гадаадад боловсрол эзэмшсэн залуучуудыг харъяа яамд нь хаана ажиллахыг хуваарилдаг байсан юм. Онц төгссөн, төгсөхийнхөө өмнө залуучуудын төв хэвлэл “Залуучуудын үнэн” сонинд гарчихсан байсан болоод ч тэр үү Эрүүлийг хамгаалах яамны боловсон хүчний хэлтэс намайг төгсөөд ирэхэд шууд л АУДС-ийн хүүхдийн тэнхимийн багшаар хуваарилчихлаа. Би багшлах гэж биш, сайн эмч болох гэж суралцсан, тэгээд ч багшийн мэргэжилгүй гэж зөндөө эсэргүүцсэн ч нэмэр болоогүй. Тэгээд л гай болсон гэж байхгүй юу.
  • Эмчийн мэргэжил эзэмшээд төгсөж ирээд багшилжээ. Тэгээд яаж яваад Багануурын эмнэлэгт аж ахуй эрхэлсэн орлогч болчихов...
  • Багшилж байгаад наймаанд явсан гэж дээр хэлсэн дээ. 1998 оны зун ээлжит наймаандаа яваад иртэл дүүргийн ЭМНийн даргаар н.Лувсаншарав томилогдож ажиллаж байгаа сураг дуулдсан юм. Тэр хүн намайг АУДэС-д багшаар томилогдон ирэх үед тус сургуулийн боловсон хүчин байсан хүн л дээ. Нэг үгээр эртний танил. Тэгээд л н.Лувсаншарав даргатай очиж уулзлаа. Эмнэлийн аж ахуйн эрхэлсэн орлогч даргаар ажиллах санал тавьж тухайн үеийн Дүүргийн Засаг дарга Ц.Даваадоржтой уулзахад дэмжсэн. Ингээд л мэргэжлийн байгууллагадаа, энэ сайхан хамт олныхоо дунд хөл тавьж 14 жил ажилласан. ЭМН-д ажиллах хугацаанд цаг баримтлах, сахилга баттай байх, бүтээлч хандлагатай байх зэрэг олон зарчмуудыг нэвтрүүлэн, цэвэрлэгээ үйлчилгээний Малайз улсын туршлагыг нэвтрүүлж, цэвэрлэгээ үйлчилгээний чанарыг шинэ шатанд гаргаж байлаа. Хувь хүний хувьд ч, эрүүл мэндийн салбарт ажиллаж байсан хүнийхээ хувьд ч эргээд харахад хийсэн ажилтай, итгэл хайр хүлээсэн хамт олонтой, хаа ч явсан мэндтэй устай, халуун дотно уулзах нөхөдтэй байх сайхан. Энэ хамт олонтойгоо хамтраад Баганууртаа анх удаа саарал ус ашиглах асуудлыг сэдэж, ашиглах туршилтыг хийж байсан маань санаанаас гардаггүй юм. Ахуйн хэрэгцээнээс гарсан бохир усыг саарал ус хэмээн Хот, суурин ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулинд тодорхойлдог. Үүнийг бид өдөр бүр амьдралдаа “үйлдвэрлэдэг” ч дахин ашиглах тал дээр төдийлөн санаа тавьдаггүй. Чандмань эрдэнэ болсон усаа дээдлэх, үр ашгийг нэмэгдүүлэх гэж хийсэн, сэдсэн зүйл минь Баганууртаа анхдагч нь байжээ. Манай ЭМН-ийн манаачаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан н.Доржпүрэв гуай санаачилсан чулуун хөшөө хийх ажлыг дэмжин, иргэдэд эрүүл байхын ач тусыг ойлгуулах утга бүхий чулуун хөшөө босгосон нь одоо Нийгмийн эрүүл мэндийн төвийн дэргэд байгаа “Эрүүл биед саруул ухаан оршино” гэсэн чулуун хөшөө. Эрүүл байна гэдэг ихийг хийхийн эхлэл учраас энэ биеэ хайрлаж явах учиртайг хажуугаар нь өнгөрөх олон хүн уншиж, мэдэрч байгаасай хэмээн босгосон юм. Гэхдээ энэ чулуун хөшөөг босгохын тулд хэл аманд ч орж байсан үе бий. Хамт олноороо мөнгө нийлүүлэн ажилдаа орсон үе. Уурхайгаас ажиллуулахаар авсан кран унасан юм. Хийх ажлыг эхлүүлснээрээ би буруутгагдан краны сэлбэг хэрэгслэлийн үнийг хувиасаа төлж байж билээ. Дээр хэлсэнчлэн энэхүү чулуун хөшөөний санаачлагч бөгөөд гүйцэтгэгч нь манаачаар ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан н.Доржпүрэв гуай юм. Энэ мэт олон олон гэрэл гэгээтэй сайхан дурсамжууд ЭМН-д ажиллаж байсан үед минь олон бий.
  • 2012 оны орон нутгийн сонгууль, түүний дараа хөвөрсөн үйл явдлыг би хувьдаа ярихаас жаахан жийрхдэг. Энэ үед би жирэмсний амралт авчихсан, орон нутгийн телевизүүдээр мэдээлэл авч байлаа. ЗДТГ-ын 202 тоот өрөөнд суучихсан, баахан хүмүүс тойроод л орилолдоод байхыг хөндлөнгөөс хараад “больчихмоор юм” гэмээр байсан. Танд тэр үед юу бодогдож байсан бэ?
  • 2012 оны орон нутгийн сонгуульд Багануур дүүргийн иргэд Ардчилсан нам, МАН-д тэнцүү санал өгснөөр улстөрийн адармаатай нөхцөл үүссэн. Он солигдох мөч ойртсон ч талуудын маргаан намжих шинжгүйн дээр улстөрчдийн ёс зүйн хэм хэмжээ савнаасаа хальж гутал, сандал шидэлцэхдээ хүрснийг Багануурууд санаж байгаа байх. Энэ хэцүү үед ИТХ дах Ардчилсан намын бүлэг намайг Засаг дарга болгох шийдвэр гарган, ИТХ-ын чуулганыг хуралдуулан тогтоол гаргаж Нийслэлд хүргүүлсэн. Нийслэлээс шийдвэр баталгаажиж ирсний дараа ажлаа хүлээж авахад ч хүндрэл гарсаар байсан. Чиний яриад байгаа үйл явдал чинь томилогдсоноос хойш 2 дах өдөр. ЗДТГ-ын 202-т ажлаа хийж байтал 100 орчим иргэд орж ирэн хагас өдөр хэл ам хийж, сайн муугаар өчнөөн хэлсэнсэн. Би ямар ч хариу өгөөгүй. Зөвхөн анхааралтай сонсоод л дуусгасан. Дараа нь найз нөхөд маань намайг дэндүү тэвчээртэй юм гэцгээгээд л өнгөрсөн. Харин тэр үед намайг элдвээр хэлж байсан хүмүүс Засаг дарга болсон хойно маань тусламж дэмжлэг хүсэх, хамтран ажиллах гээд олон шалтгаанаар эргэн уулзаж, тэр бүртээ уучлал эрдэг. Тухайн цаг үеийн зүйлийг бодож, хувь хүний охорхон бодлоор шүд зууж, муу санаж байгаагүй ээ. Одоо хэнтэй нь ч уулзсан эртний танилын ёсоор уулздаг. Улс төрд явах хүнд сэтгэлийн хат, тэвчээр их шаардлагатайг энэ үйл явдал надад илүү мэдрүүлж өгсөн юм. Багагүй хугацаанд өрнөсөн эл үйл явдлыг Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр, Н.Батаа нар ирж эвээр зохицуулж, би ч Засаг даргын ажилдаа ханцуй шамлан орсон доо.
  • Засаг дарга хийж байх үед ч улстөр тийм таатай байгаагүй. Гэлээ гэхдээ багагүй ажил амжуулсан даа...
  • Засаг дарга болсоноос хойш хамгийн эхний тодотгол маань “эртэч”. Улстөрийн хатуу ширүүн нөхцөлд дүүргийн Засаг дарга болсон хүн сайн ажиллах учиртай. Тэгээд ч Засаг дарга байна гэдэг Хааны алба биш. Иргэдийнхээ төлөө ажиллана гэжамалсан мөрийн хөтөлбөрөө биелүүлэхийн төлөө ажлын эхний өдрөөс мэрийн ажиллах ёстой гээд ажилдаа өглөөний 6 цагт ирдэг байсан. Эхэн үедээ тамгын газрын хаалга түгжээтэй, харанхуй, нүдсээр байж ордогбайсан бол 7 хоногийн дараагаас байдал өөрчлөгдсөн. Намайг ажилдаа эрт ирдэг гэдгийг иргэд мэддэг болж, уулзах хүсэлтэй хүмүүс өглөөний 6-тай уралдан тамгын газарт цуглах болсон юм. 30 мянган хүний амь амьдарлыг хариуцаж байгаа хүний хувьд тухайн өдрийн ажлаа төлөвлөж, эмх цэгц, эрэмбэ дараатай, гүйцэтгэл сайтай ажиллахын тулд өглөө ажилдаа эрт ирдэг байсан ч иргэд эртлэн ирээд хүлээж байхыг хараад уулзаж ярьж, зовлон жаргалыг нь сонсох нь зүйтэй хэмээн үзсээр ирсэн. Эхний үед иргэдтэй уулзах нь надад хамгийн эрхэм зүйл байлаа. Иргэдтэй цаг харгалзахгүй, өдөр бүр уулзсаар байлаа Иргэд дүлий төртэй байж, үгээ хэлэх газаргүйдэж байжээ гэж тухайн үедээ боддог байлаа. Заримдаа иргэдтэй 22 цаг хүртэл ганцаарчилан уулзаж, асуудлыг нь шийдвэрлэх гэж хичээдэг байсан. Төрд иргэн эрхэм учраас нэг хүний асуудлыг ч үл тоон хаяж байсан удаагүй. Эрт ирж их ажил амжуулах зорилгоо биелүүлэхийн тулд иргэдтэй тогтмол нэг өдөр тогтсон цагт уулзах ёстой гэж үзээд долоо хоног бүрийн 5 дах өдрийн 10 цагаас хойш бүтэн өдрийн туршид иргэдтэй уулздаг болсон юм.
  • Иргэд тэр үед хамгийн ихээр ямар хүсэлт ирүүлдэг байсан бэ?
  • Иргэдээс ирэх санал хүсэлтийг ганцхан уулзалтаар хязгаарлаагүй ээ. 7021-4444 дугаарын утас, олон нийтийн сүлжээ, захидал, өргөдөл гомдол хэлбэрээр хүлээн авч хэрхэн яаж шийдвэрлэснээ захидлаар эргүүлэн хариулж байлаа. Эхний 1, 2 сард иргэд ихэвчлэн тусламж хүсдэг байсан бол цаг хугацаа өнгөрөх бүр дүүргийн хөгжлийн төлөөх санаанууд ихээр ирдэг болсон юм. Би туслах Ч.Гантулгадаа "Иргэд хаалганы минь гадна байгаа л бол бидний ажил дуусаагүй гэсэн үг шүү” гэж хатуу тохирсон юм. Засаг даргын ажил иргэдийнхээ төлөө юм бол тэдний дуу хоолойг сонсохгүйгээр ажил урагшлахгүй гэж би одоо ч боддог. Иргэд саналаа ирүүлээд хийсэн ажлууд ч багагүй бий. Алслагдсан, хүн ам цөөтэйгөөсөө шалтгаалан тэр бүр хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил хийгдээд байдаггүй хаягдмал байсан 2 дугаар хороог өөрчлөх нь миний ажлын эхлэл байсан. Хаана хэдэн хүн амьдарч байгаагаасаа үл хамааран төрийн болон бусад үйлчилгээнд хамрагдах учиртай шүү дээ. Засаг даргаар ажиллах хугацаандаа нийтийн халуун устай болгох, зөөврийн усан санг шинэчлэх, эрүүл мэндийн үйлчилгээг ойроос авдаг байх, нийтийн тээврийн цагийн хуваарийг шинэчлэх, орон нутгийн болоод төвийн телевизүүдийг гаргадаг болгох, сурагчдыг нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчуулах гэсэн ажлуудыг хийсэн юм. 2013 оны 1 дүгээр сараас хоёр ортой өдрийн эмчилгээний салбарыг ажиллуулж, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар нийтийн халуун усыг барьсан. Хичээлдээ хоёрдугаар хорооноос Наран хороололд ирж суралцдаг хүүхдүүдийг нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчуулах шийдвэрийг гаргаж, сүүлдээ Тээвэр зохицуулалтын албаны дунд оврын автобусыг “Боловсрол” цогцолбор сургуульд олгож байлаа. Мөналслагдмал, бөглүү хэмээн ойлгодог хоёрдугаар хороонд хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэн интернетийн чөлөөт бүсийг бий болгосон. Wi-fi zone гээд самбар байдгийг бүгдээрээ л мэдэх байх. Нуурынхан маань өөрсдөө тэг самбарыг босгосон байх. Иргэдийн хамгийн ихээр хүсэн хүлээж байсан олон сувгийн телевиз үзэх, орон нутгийнхаа Сүлжээ-3 студийн нэвтрүүлгийг хүлээн авах боломжийг бүрдүүлсэн. Иргэдийн санал хаана ямар ажил хийхийг зааж өгдөг байсан юм.
  • 125 дугаар сургууль бол цэвэр таны хөөцөлдлөгөө, хэл ам таталсны гавъяа байх шүү...
  • Хоёр ч Засаг даргын нүүр үзсэн сургуулийн барилгын ажлыг Боловсролын яам, Дэлхийн банктай шаргуу хамтран ажилласны үр дүнд 2014 оны 2 дугаар сарын 24-нд ашиглалтад оруулсан. Дэлхийн банк болон Монгол Улсын Засгийн газрын санхүүжилтээр баригдсан тус сургууль 3.4 тэрбум төгрөгөөр хүрээлэн буй орчиндоо ээлтэй, эрчим хүчний хэмнэлт, дулаан алдагдлыг багасгах орчин үеийн технологиор барьсан гээд тус сургуульд онцлог зүйлстэй. Одоо тус сургууль хэрхэн ажиллаж байгааг Багануурчууд маань хэнээр ч хэлүүлэлтгүй мэднээ. Мөн Засаг даргаар ажиллаж байхдаа хүүхдийн төвийн зориулалтаар ашиглаж байсан байрыг цэцэрлэг болгох ажлыг эхлүүлж Нийслэлийн Засаг даргын захирамжийг гаргуулж байлаа. 2015-2016 оны хичээлийн жилд тус цэцэрлэг ашиглалтад ороод зогсохгүй сувиллын ангитай болж улсдаа жишиг болсонд баяртай байдаг. Төрийн залгамж халаа, хийсэн ажлыг үргэлжлүүлж үр дүн гаргаж ажилласан одоогийн дүүргийн удирдлагуудад талархаж явдаг.
  • Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийн цөм нь Нарийн хэсгийн бүтээн байгуулалт. Энэ бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх боломж байна уу? Та хэрхэн харж байна...
  • 5-р хорооны Нарийн хэсгийн айл өрхийг дулаан, цэвэр ус, бохирын системд холбох ажил 2013 онд хийгдсэн. Амины орон сууцтай болгох, гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх ажил бол яах аргагүй ардчилсан намын мөрийн хөтөлбөрийн цөм. Багануурт нийт 6000 гаруй өрх гэр хороололд амьдарч байна. Бид 2013 онд орон нутгийн хөгжлийн сангаас 500 сая төгрөг гарган Нарийн хэсгийн 1-4 дүгээр гудамжны 60 шахам айлыг дэд бүтцэд холбосон. Дэд бүтэц бүхий амины орон сууц ямар байдаг вэ гэдгийг тэндээс бодитоор харж болно. Улс орны эдийн засгийн боломжоос шалтгаалаад цааш үргэлжлээгүй. Харин иргэд нь үргэлжлүүлэн хийхийг хүссээр л байгаа. Гарц гаргалгааг нь олж үргэлжлүүлэх боломж ч байгаа.
  • 2013-2014 онд хийсэн ажлуудыг нэг бүрчлэн ярьвал багагүй зүйл болно. Гэхдээ бас орхиж болохгүй нэг зүйл бол “Амьдралын дасгалжуулагч” хөтөлбөр...
  • Тийм шүү. Нийгмийн тодорхой бүлэгт нөлөөлж хорт зуршлаас ангижруулахын тулд тухайн үеийн ЗДТГ-ын Т.Баярмаагаар ахлуулсан ажлын хэсэг томилж, архинаас хамааралтай 50 иргэнийг цуглуулан Засаг даргын зүгээс зоог барьж байлаа. Ингэж эхэлсэн ажил “Амьдралын дасгалжуулагч” хөтөлбөр болон хэрэгжиж олон иргэнийг хорт зуршлаас нь салгаж чадсаан. Эдгээр иргэдийг бүтэн 7 сарын хугацаанд сэтгэл зүйн эмчилгээнд хамруулж, архины хордлогыг тайлсан бөгөөд хөдөлмөрт бэлтгэх хөтөлбөрт хамруулан ажлын байраар хангах ажлыг ч хийсэн. Амьдралын буруу хэв маягаасаа татгалзан амьдрал ауйгаа өөд татан ажил хөдөлмөр эрхлэх чин хүсэлтэй иргэдэд сэтгэлийн дэм үзүүлэх, олон нийтийн анхаарлыг энэ чиглэлд татаж архинаас татгалзаж байгаа иргэдэд туслах нь хичнээн үр дүнтэй ажил болохыг эндээс харж урамшиж байлаа. Түүгээр ч зогсохгүй Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэстэйгээ хамтран “Амьдралын дасгалжуулагч” хөтөлбөрт хамрагдсан Д.Өөдөст өргөө цагаан гэр 2014 оны 6-р сарын 13-нд өгч өөрийнхөө амьдралыг өөрчлөх хүсэлтэй хүмүүст ямар боломж байгааг харуулсан юм. “Амьдралын дасгалжуулагч” хөтөлбөрийг Цагдаагийн хэлтэс, Эрүүл мэндийн нэгдэл, ЗДТГ зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулсан бол архинаас татгалзсан иргэдийг “Авто жим” НӨҮГ, “Багануур дулааны станц” ТӨХК зэрэг байгууллагууд ажлын байраар хангасанд талархаж байна. Үүнээс гадна дүүрэгтээ жижиг дунд үйлдвэрлэлийг булан тохой бүрт хөгжүүлэхсэн гэж хийсэн ажил маань үр өгөөжөө өгч “Итгэл” хоршоо “Багануур Дулааны станц” ТӨХКний ажилчдын нормын хувцсыг оёсноор эхэлсэн Багануурын үйлдвэрлэгчээ дэмжих ажил одоо жигдрээд, бүх газрууд л дүүргийнхээ бүтээгдэхүүнийг худалдан авахыг хүсдэг болж. Багануур дүүргээр мянганы зам дайран өнгөрдөг учраас иргэд зам дагуу үйл ажиллагаа явуулж орлого олох боломжтой хэмээн байгуулсан “Гэр хүрээ”-гээр замын хүмүүс төдийгүй Багануурчууд ч үйлчлүүлэх дуртай болжээ.
  • Засаг даргаар ажиллаж байхдаа баримталсан зарчим тань юу байв...
  • Улс төр цаг үеийн адармаатай ч гэмээр 1 жил 6 сар Багануур дүүргийн Засаг даргаар ажилласандаа би баярлаж явдаг. Иргэдээс ирдэг хүсэлт бүрийг шийдвэрлэхийн төлөө зүтгэж, заримдаа үүнээсээ болж ЗДТГын зарим хүмүүст “ад” ч болж байсан. Засаг даргад итгэж өргөдөл гомдол, саналаа ирүүлсэн хүн бүрийн хүсэлтийг биелүүлэхийн төлөө зүтгэн олон хүмүүст буцалтгүй тусламж, эмчилгээний зардал, 30 оюутанд 15 сая төгрөгийн сургалтын төлбөрийн тэтгэлэг, 100 гаруй айлд орон гэр өгчээ. Иргэдийн саналыг ажил болгохоор Тогос-Уул, Талын толгой хэсгийн цахилгааны уналтыг бууруулах ажлыг хийсэн юм. 1 дүгээр эмнэлгийн салбарыг байгуулахаар хөөцөлдөж байсан маань өдгөө гемодиализийн тасаг болон ажиллаж байна. Хэрлэн голын эргийг бургастай болгох, хүүхдийн тоглоомын талбайг олон улсын стандартад хүргэх, үерийн далан байгуулах гээд салбар бүрт чадах чинээгээрээ иргэдтэйгээ хамтран ажиллаж багагүй амжилт гаргасан гэж боддог. Энэ бүх ажлыг хийх итгэл, урам зоригийг өглөө ажилдаа ирэхэд, орой өрөөнөөсөө гарахад тосон уулздаг иргэд маань өгдөг байсан. Одоо ч иргэд маань намайг хүрээлэн дүүргийн ажил амьдралтай холбоотой яриа өрнүүлдэг. Хамгийн дотны зөвлөгч маань иргэд учраас би иргэдтэйгээ хамтдаа байх дуртай.
  • Таныг НИТХ-д нэр дэвших нь гэсэн яриа байх юм. Үнэн үү?
  • Үүнийг цаг хугацаа харуулна. 2016 он бол зөвхөн Багануурчуудын хувьд төдийгүй Монголчуудын хувьд маш чухал сонголт хийх жил. Сонголт хийнэ гэдэг хариуцлага. Тийм учраас иргэд маань дүүрэг, хотынхоо хөгжлийн төлөө хичээн ажиллаж чадах хүнийг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд төлөөлөгчөөр сонгох ёстой. Зүгээр очоод ширээ бөглөх хүн ямар ч хэрэггүй.
  • Ярилцсанд баярлалаа.

 

М.ГОНЧИГЖАВ: ХӨДӨЛМӨРИЙН ГАРАА ХҮҮХЭД НАСАНД МИНЬ ЭХЭЛСЭН  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх