АМЖИЛТ ХҮСЬЕ МАН, АРЧААТАЙХАН БАЙГААРАЙ АН

2020/07/18
АМЖИЛТ ХҮСЬЕ МАН, АРЧААТАЙХАН БАЙГААРАЙ АН

"Багануур ньюс" сонины архиваас. 2016 оны 11 дугаар сарын 9, №53

Иргэд Ардчилсан намд тэгтлээ итгэхээ больчихсон юм биш. Та бүхний ирэх жилүүдэд харуулах тэр дүр төрх, өнгө л энэ итгэл өсөх, эсвэл уруудахыг шийднэ. Хамтдаа суугаад, нүүр нүүрээ хараад намын шинэчлэл, иргэдийн амьдрал, болох болохгүйг ярь. Дангаараа засагласан МАН-ын хийсэн ажил, хийх ажил, хэрэгжүүлсэн бодлогод хяналт тавь.

ӨНГӨРСӨН СОНГУУЛИЙН ДҮР

Энэ жилийн сонгуулиуд дууслаа. МАН ялж, АН ялагдав. Дөрвөн сарын өмнө болсон УИХ-ын сонгуульд МАН илт давуу ялалт байгуулсан бол 10 дугаар сарын 19-ий дүүргийн ИТХ-г сонгох сонгуульд ч илүүрхэв. Одоо тэд ИТХ-д 25 суудалтай. 2012 онд тэнцүү шахам суудал өгч байсан сонгогчдын санал ингэж савласан нь учиртай. Хүмүүс янз бүрээр л ярьж, дүгнэж байна. Эхний дүгнэлт нь гэвэл өнгөрсөн 4 жилд Ардчилсан нам эв нэгдэлтэй байж чадсангүй. Гэхдээ энд фракцийн зодоон биш хувь хүмүүсийн нанчилдаан гай болов. Гэхдээ ганцхан энэ нанчилдаан эцсийн үнэлгээг өгсөнгүй. МАН-ын шидсэн чулуу, дэглэсэн жүжиг Ардчиллынхны талцааны эхлэл болж, урдаас сайтар дэглэсэн өнөөх жүжиг 4 жил хөврөн ялалтыг МАН-нд авчирав. Иргэдийг 10-тын системд оруулж, жижиг жижиг шоугаар намдаа татаж, сүүлдээ бүр 5-тын, 2-тын гэх систем рүү шилжүүлсэн нь бодлого ярихаас өмнө ходоод, хоосон үнэмшилээр амжилт авчрах гарц гэдгийг эртнээс харсантай холбоотой. Бас нэгэн дүгнэлт нь УИХ, Нийслэлдээ олонх болчихсон тэд өөрсдийн хүслээр сонгуулийн хороогоо байгуулж тэнд ажиллаж буй хүмүүсийг нарийхан утсаар оосорлосон хэрэг. МАН-аас нэр дэвшигчийн дүү нь, охин нь ажиллаж байгаа сонгуулийн хороонд өрсөлдөгчид нь итгэнэ гэж үү? Итгэхгүй байлаа гээд та нар яахын... Ийм л дооёолсон өрсөлдөөнд АН, МАН хөтлөлцөөд орсон хэрэг. МАН-ын зугаалга, үдэшлэг дээр очоод “Энхрий хайрт намынхаа төлөө...” хэмээн нулимс дуслуулахаас наахна зогссон эрхмүүд “Төрийн албан хаагч” гэх сайхан нэрийг зүүн хайрт намынхаа төлөө “ажиллав”. Сонгуулийн байгууллага сайн, муу сайхан, муухай, шударга эсэх дээр асуудал ярихаа түр хойш тавья. Зүгээр л бүрэлдэхүүнийг нь харахад ийм байна. Тийм болохоор шударга ёсыг шаардахаас ичмээр байсан биз.

ИРЭХ ЖИЛҮҮДИЙН ӨНГӨ

Яагаад ч юм МАН улаан, АН цэнхэр өнгийг “өмчлөөд” авчихсан. Өмчилсөн өнгөндөө хэтэрхий үнэнч. Үнэнчийн туйлыг үзвээ хө. Багануур дүүргийн ЗДТГ-ыг албан ёсны сайт аль хэдийн өнгөө “засжээ”. Ялсан намын өнгө орохгүй бол алдас болно биз. Орой дээрээ хатгасан тугныхаа өнгөөр бүхнийг солилоо гээд иргэдийн амьдрал сайжирч, ирэх жилүүдийн хямрал багасдаг бол яах вэ. Бүгдийг улаанаар будчихъя. Гарзтай юм биш. Гэхдээ бид нэг нэгнээ улаан цэнхрээр цаасан дээр будаж, бас нэгэн хэсгийг нь саарал хэмээн яридагаас амьдрал шал өөр. Саяхан ярьж байсан даа, Засаг дарга маань. 2017 онд Орон нутгийн хөгжлийн сан багагүй хэмжээгээр танагдаж ирэх нь ээ гэж. Дангаараа засаглаж буй МАН-аас хийх ажил, хэрэгжүүлэх бодлого, Аз жаргалтай Багануурыг нэхэх болно. Төсөв хэд дахин танагдсан байлаа ч та бүхэн амалсандаа хүрэх л ёстой. Сонгуульдаж байгуулсан Захирагчийн ажлын албаны ирээдүй бүрхэг боллоо ч гэх шиг. Сонин сонин юм сонсох нь ээ. Бүтэн жил болоод явсан юм болоод явна байх гэж итгэж байна, иргэд. Төлөөлөгч болгоод сонгоод өглөө. Шалтаг тоочихгүйхэн шиг ажиллаад өгвөл, баярлана шүү Ард түмэн. Харин “Арчаатайхан байгаарай” гэдэг үгийг АН-д чангаас чанга хэлье. Хэдэн арван километр зам, иргэдийн амьдрах орчныг сайжруулахын төлөө хийсэн бүхнийг чинь ард түмэн мэдэж байгаа. Мэдсээр атлаа өөр сонголт хийсэнд дүгнэлт өгч арчаатай, анхиатай, амьдралтай байхыг хүсье. Хэдэн жил нам жим байсан дарга цэргийнхээ асуудлыг сонгуулийн өмнө шийдсэн нь сайн хэрэг. Одоо тэр шинэчлэлтээ жинхэнэ утгаар нь хэрэгжүүлээрэй. Иргэд Ардчилсан намд тэгтлээ итгэхээ больчихсон юм биш. Та бүхний ирэх жилүүдэд харуулах тэр дүр төрх, өнгө л энэ итгэл өсөх, эсвэл уруудахыг шийднэ. Хамтдаа суугаад, нүүр нүүрээ хараад намын шинэчлэл, иргэдийн амьдрал, болох болохгүйг ярь. Дангаараа засагласан МАН-ын хийсэн ажил, хийх ажил, хэрэгжүүлсэн бодлогод хяналт тавь. Тоглоомын гадаа байгаа гээд толгойгоо унжуулалгүй итгэл үнэмшил, үнэт зүйлийнхээ төлөө тэмц. 2020 оны сонгууль хаяанд л байна шүү дээ.

ЭЦЭСТ НЬ

Дүүргийн ИТХ анхдугаар хуралдаанаа хийн албан тушаалын томиогоонууд хийгдэв. Хийгдэв ч гэж дээ. 2016 оны 8 дугаар сарын 05-нд ИТХ хуралдаж дүүргийн Засаг даргаар Ц.Сандаг-Очирыг, ИТХ-ын даргаар С.Даваасүрэнг томилсон доо. Тэр шийдвэр хэвээр үлдэв. Шинээр Засаг дарга томилсонгүй. Энэ нь сайн муу хоёр талтай ч юм шиг. Орон нутгийн сонгууль болоогүй байхад Засгаа томилоод буруу жишиг тогтох вий гэж харах нь муу тал нь. Магадгүй хийж байсан хүн үргэлжлүүлэг, энэ бүхний эхлэлд нь байсан хүн 2020 онд хариуцлагаа үүрэг гэж харах нь сайн тал. Эцэст нь иргэдээ, энэ хотоо Аз жаргалтай болгоорой. Мөрийн хөтөлбөрийн чинь цөм үг энэ л байсан. Амжилт хүсье МАН.

АМЖИЛТ ХҮСЬЕ МАН, АРЧААТАЙХАН БАЙГААРАЙ АН  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх