“Баялаг Буянт”-ийн Буцааж төлөөгүй 490 сая төгрөг

2021/06/11
“Баялаг Буянт”-ийн  Буцааж төлөөгүй 490 сая төгрөг

Тухайн үед  ХХААХҮ-ийн яамны сайдын 2011 оны А дроб 08-р тушаалаар  орон нутагт эрхийг нь шилжүүлснээр 2011 оны 09-р сарын 09-ны өдөр  ХХААЖДҮГ-ын даргаар ажиллаж байсан Г.Гончигсүрэн, Баялаг Буянт ХХК-ийн захирал Т.Жаргалсайхантай  зээлийн гэрээг үзэглэж 490 сая төгрөгийн зээлийг орон нутгийн төсвөөр дамжуулан Баялаг Буянт ХХК-д олгожээ.

Баялаг Буянт ХХК 2016 оны 10-р сард зээлээ бүрэн төлж төсвийг хохиролгүй болгох ёстой байсан.

Гэтэл тус компани  зээл авснаасаа хойш нэг ч төгрөг эргэн төлөлгүй өнөөдрийг хүрчээ.

Баялаг Буянт ХХК-ийн  зээлийн эргэн төлөлтийн үндсэн график 2016 оны 10-р сард төлөгдөхөөр байсан байна. 

Тухайлбал: 2012-2013 онд 30 сая төгрөг,  2013-2014 онд 130 сая төгрөг, 2014-2015 онд 130 сая төгрөг, 2015-2016 онд 200 сая төгрөгийг төлж барагдуулахаар байлаа. Графикийн дагуу 2016 онд зээлээ бүрэн төлж дуусгах ёстой байсан ч өнөөдрийг хүртэл ямар ч төлөлт хийлгүй 5 жил хэтэрчихээд байхад төсвийн мөнгөний араас төр яагаад явахгүй байна вэ гэдэг нь анхаарал татлаа.

Энэ асуудлаар Баялаг Буянт ХХК-ийн захирал буюу аймгийн ЗД-ын орлогч Т.Жаргалсайхнаас тодруулах гэсэн боловч ярилцлага өгөхөөс татгалзаж наад камераа унтраачихаарай хэмээн зандарч байсан удаатай. 

Үе үеийн ХХААГ-ын дарга нар Баялаг Буянт ХХК-иас 490.000.000 сая төгрөгийн зээлийг төлүүлэхээр шүүхэд удаа дараа нэхэмжлэл гаргаж байжээ. 

Харин Баялаг Буянт ХХК-ний захирал Т.Жаргалсайхан шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа манай компани нь нэхэмжлэгч Ховд аймгийн ХХААГ-ын нэхэмжилж буй 490.000.000 сая төгрөгийн төлбөрийг төлж барагдуулах болно. Өөрийн хөрөнгөөр уг төлбөрийг төлөх ёстойг хүлээн зөвшөөрч байна гэжээ. Шүүх Баялаг буянт ХХК-ийн хүсэлтийг хүндэтгэн үзэж 2018.01.18-ний өдөр хэргийг хэрэгсэхгүй болгосон ч өнөөдрийг хүртэл хууль биелүүлээгүй байна.  

Иймд  2020.03.25-ний өдөр Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албадан гүйцэтгүүлэх тухай захирамж гарчээ. Тухайн шүүгчийн захирамжийг 7 хоногийн дотор ШШГГ-т хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Алтанзаяад  даалгасан байдаг. Гэтэл шүүгчийн захирамж гараад бүтэн жил 2 сарын хугацаа өнгөрч байхад  ШШГГ-т очоогүй байна.

Албадан гүйцэтгүүлэх тухай ерөнхий шүүгчийн захирамж гарчихаад байхад шүүх нь яагаад ШШГГ-д хүргээгүй байна вэ. Хууль  хэрэгжүүлэгч байгууллага нь хуулиа биелүүлэхгүй байна уу эсвэл эрх мэдэлтэнд үйлчилдэггүй хууль шүүхийн байгууллага байгаа юм биш биз гэх эргэлзээ ч төрж байгаа юм.

Үүний мөрөөр Ховд аймгийн ХХААГ-ын дотоод аудит хариуцсан мэргэжилтэн Ганболдоос тодруулахад ШШГГ-т хүргүүлсэн гэж ярилаа. Яагаад холбогдох төрийн байгууллагуудын албан хаагчид худал ярив. Харин тэдний худал мэдээллүүд дараах эх сурвалж, баримтуудаар нотлогдож байна.

Уг гэрээний 6.1 –ийн 6.1.1-д  зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зээлээ эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлгүй 30 хоног хэтэрсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд  зээлийн үлдэгдлийн 0,1 хувийн алданги тооцно гэжээ

6.1.2-т зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй буюу зээлээ хугацаандаа төлөөгүй 90 хоног хэтэрсэн тохиолдолд барьцааны зүйлийг иргэний хуулийн 453.2 дахь заалт, үл хөдлөх хөрөнгийг шүүхээр шийдвэрлүүлнэ шийдвэр гүйцэтгүүлэх  журмаар захиран зарцуулах

6.1.3-д зээл олгосны дараа зээлийн зарцуулалт ашиглалтыг өдөр тутам хянан шалгах үүднээс зээлдэгчээс сар улирал тутам өмнөх сарын улирлын санхүүгийн тайлан тэнцлийг авч зээлийн зарцуулалтыг боломжтой бол газар дээр нь очиж танилцах

6.1.4-т зээлийг гэрээнд заасан хугацаанд төлж чадаагүй тохиолдолд зээлийн өрийг ХХААЖДҮГ өр худалдан авагчтай тохиролцон өр худалдан авагчид худалдах

6.1.5-т зээлдэгчийн санхүүгийн чадвар, бусад банкнаас зээлтэй эсэх талаарх мэдээллийг холбогдох байгууллагаас авах гэж тодорхой  заажээ.

Хэрэв Баялаг Буянт ХХК ард түмний татварын мөнгийг цаг хугацаанд нь төлчихсөн бол олон арван баялаг бүтээгчид үйлдвэрээ өргөжүүлж бизнесээ хөгжүүлэх бүрэн боломж байлаа.  Жирийн иргэдээс хариуцлага нэхдэг шигээ төрийн өндөр албан тушаалтнаас хариуцлага нэхдэг жишгийг бид тогтоох болно. Бид хүн бүрийн мэдэх эрхийн төлөө, бодит байдлыг олон нийтэд хүргэж үнэнийг мэдээллэх үүргийнхээ хүрээнд  бүтэн 5 сарын хугацаанд  холбогдох төрийн байгууллагуудын ажилтнуудын хүнд суртал, эрх мэдэлтнүүдийн дарамт шахалт, мэдээлэл өгөхөөс зайлсхийдэг, төрийн албан хаагчдын увайгүй байдалтай нүүр тулж  үнэний төлөө тэмцсээр ирсний үр дүнд энэхүү эрэн сурвалжлах нэвтрүүлгийг үзэгч та бүхэнд хүргэлээ. Хариуцлагыг бид нэхсээр байх болно.

2021.06.11

“Баялаг Буянт”-ийн Буцааж төлөөгүй 490 сая төгрөг   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх