Төрд мартагдсан тээвэрчид...

2021/06/21
Төрд мартагдсан тээвэрчид...

Үенч сумын Цагаан түнг багийн Улаан үзүүр гэдэг нэртэй газарт  Мо-Эн-Ко ХХК-д  50 га газрыг гаалийн хяналтын бүсийн зориулалтаар эзэмшүүлсэн байдаг. Нэг ёсондоо нүүрс буулгадаг газар гэсэн үг. Тэгвэл энэ газар нүүрс буулгадаг газар биш орон нутгийн жолооч тээвэрчдийг байрлуулдаг газар болж хувирчээ. Өөрөөр хэлбэл тээвэрчид Мо-Эн-Ко ХХК-ийн нүүрсний хашаанд  ямар ч стандарт шаардлага хангахгүй бохир заваан газарт машиныхаа кабинд амьдраад бүтэн жил гарантай хугацаа өнгөрч байгаа эмэгнэлтэй дүр зургыг үзэгч та бүхэн харж байна. Хүний эрх энд ноцтой зөрчигдөж байгаа юм. Жолооч нар тав тухтай орчинд амрах байр байхгүй, нойл хогын цэг байхгүйгээс тээвэрчид энэ цэнхэр хашаан дотор бие засаж, хашаан дотроо хогоо хаяхаас өөр аргагүйд хүрччээ. Учир нь  монол жолооч нар цэнхэр хашаан дотроос гарах эрхгүй байдаг гэнэ. Хэрэв гарвал торгож шийтгэхээс эхлээд дарамт их байдаг гэдгийг жолооч нар нуусангүй. Мо-Эн-Ко ХХК-ийн эзэмшлийн тээврийн хэрэгслүүд хэзээ ч энэ цэнхэр хашаанд ордоггүй, энэ хашаанд зөвхөн монгол жолооч нар л ордог байна. Өөрөөр хэлбэл Мо-Эн-Ко ХХК-ийн тээврийн хэрэгслүүд хашааны гадна талд цэвэр цэмцгэр газарт байрлаж байгаа бодит дүр төрхийг үзэгч та бүхэн харлаа. Монгол жолооч нар төрдөө мартагдаж, монголын баялаг хяналтгүй гадагш урсаж, төрийн дээр Мо-Эн-Ко ХХК сандайлан сууж, эрх мэдэлтнүүд ямар нэгэн байдлаар хаалтанд орж үг дуугарах эрхгүй болсон юм биш биз гэх хардлага аль хэдийнээ олон нийтийн дунд бий болсон.

Хөшөөтийн уурхайд үйл ажиллагаагаа явуулдаг БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай Мо-Эн-Ко гэх энэ компанитай холбоотойс олон удаагийн  гомдол шүүмжлэлүүд нийгэмд бий болоод удаж байна. Харин энэ удаад мэргэжлийн чиг үүрэг бүхий байгууллагууд хяналт шалгалт хийж зөрчлийг газар дээр нь илрүүлж,  хугацаатай шаардлага тавиад явлаа. Ажлын хэсгийнхэн энэ орчин нөхцлийг хараад стандарт шаардлага хангахгүй байна гэж үзлээ.

 

Ийнхүү Монгол хүн монгол эх орондоо эзэн нь байх эрхгүй цөвүүн цаг ирснийг Мо-Эн-Ко ХХК үлгэрлэн харуулж байна. Монгол улс  хуультай орон. Гэтэл яагаад энэ хятадын ХХК монголын хуулийг уландаа гишгэж монгол хүмүүсийг дорд үзнэ вэ.Бид энэ ХХК-д хариуцлага тооцох цаг нэгэнт иржээ.

Тээвэрчид цаашид энэ бохир заваан газарт хоног тойруулж эрүүл мэндээрээ хохирсоор  байх уу эсвэл Мо-Эн-Ко ХХК-ийн энэ үйл ажиллагааг зогсоох уу гэдэг  сонголт үлдэж байна. Төр үүнийг хэрхэн яаж шийдэхийг харж байя. Баялагтаа эзэн монгол уриатай эрх баригчдын шийдвэрийг бид бас хүлээж байя.

Төрд мартагдсан тээвэрчид...   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх