“Эрдэнэбүрэнгийн УСЦ-ын төслийг гацааж байгаа нөхдийг шалгуулна”

2021/07/02
“Эрдэнэбүрэнгийн УСЦ-ын төслийг гацааж байгаа нөхдийг шалгуулна”

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэж дэмжлээ. Энэ үеэр Монгол Улсыг эрчим хүчний тусгаар улс болгон, цахилгааны үнийг 5 дахин бууруулах ач холбогдол бүхий “Эрдэнэбүрэнгийн УЦС” төслийг гацах эрсдэл үүссэн асуудал хөндөгдлөө.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Засгийн газрын үйл ажиллагааны томоохон зорилго, зорилт болох “Эрдэнэбүрэнгийн УЦС” барих асуудлыг сүүлийн 50 жил ярьж, төр засаг хөөцөлдөж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр удаа газар дээр нь очин байж ажлыг нь эхлүүлсэн. Ерөнхий сайд Д.Оюун-Эрдэнэ биеэр очин шавийг тавина гэж байсан. Гэсэн ч төрийн албаны хүнд суртал, шан харамж, авлигал хардаг хэдэн хурган дарга, түшмэдүүд энэхүү томоохон төслийг гацааж,  улмаар зогсоход хүргээд байна. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Энэ төсөл бол баруун таван аймаг төдийгүй Монгол Улсын эрчим хүчний системд чухал ач холбогдолтой, үнэ тарифыг 5 дахин бууруулж, эрчим хүчний тусгаар тогтнол тогтоох төсөл” гэж ярьж байна.

Гэтэл яагаад энэ 800 тэрбум төгрөгийн санхүүжилттэй төсөл гацав. Гуравдугаар сарын 22-нд тендер зарлаж, 4, 5 дугаар саруудад хоёр удаа сонгон шалгаруулалтыг сунгасан. Энэ хугацаанд Тайширын станцыг барьсан туршлагатай төслийн удирдагчийг гэнэт ажлаас нь чөлөөлсөн. Эцэст нь тендерийг хүчингүй болгож цуцлаад байна.

БНХАУ-ын талаас төсөл хэрэгжүүлэхгүй юм байна, гацаад хөдлөхгүй юм байна гээд санхүүжилтээ татвал хэн хариуцлага хүлээх вэ. Н.Тавинбэх сайд та өөрөө хариуцлага хүлээж ажлаа өгч огцрох ёстой шүү.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, төр засаг нь анхаарч хэрхэн эрчим хүчний хараат бус улс болж цахилгааны үнийг бууруулж монголын ард түмэнд хэрэгтэй төслийг хэрэгжүүлэх вэ гэж ажиллаж яамны түшмэдүүд, хурган дарга нар үйлдэл, эс үйлдлээрээ энэхүү ажлыг гацааж, шан харамж харж, хүнд суртал гаргаж болохгүй. Энэхүү төслийг гацаасан учир шалтгаан нөхдийг шалгуулна” гэлээ.

“Эрдэнэбүрэнгийн УСЦ-ын төслийг гацааж байгаа нөхдийг шалгуулна”  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх