Агаарын бохирдлыг бууруулах зорилготой авсан 200 сая төгрөг хэний халаас руу оров

2021/11/04
Агаарын бохирдлыг бууруулах зорилготой авсан 200 сая төгрөг хэний халаас руу оров

Энтү ХХК-ийн захирал П.Энхтайван  “Агаарын бохирдлыг бууруулах” төсөлд хамрагдаж 2019 онд ОНХС-аас 200 сая төгрөгийн зээлийг эргэн төлөх нөхцөлтэйгээр ЗД-ын орлогч Т.Жаргалсайхантай мөн оны 06 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээ үзэглэсэн байдаг.

Гэрээ хийсэн өдөр Энтү ХХК-ийн данс руу 100 сая төгрөгийн гүйлгээ хийгдэж үүний дараагаар төд удалгүй 10 хоногийн дараа буюу 2019 оны 07-р сарын 08-ны өдөр дахин 100 сая төгрөг энэ ХХК-ийн данс руу оржээ.

Харин Энтү ХХК авсан зээлээ 2022 онд бүрэн төлж барагдуулах ёстой ч  зээлийн гэрээний үүргээ 2 жилийн турш хэрэгжүүлээгүй, төсөлд заагдсан ажлаа хийгээгүй хэмээн үзэж аймгийн ЗДТГ Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд  зээлийн гэрээг цуцалж, олгосон зээлийг бүхэлд нь хүүгийн хамт гаргуулж авах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Шүүх харин хаяг тодорхой бус, утасны дугаарууд нь холбогдохгүй байна гэх шалтгаанаар Энтү ХХК-д холбогдох 208,299,074 / хоёр зуун найман сая хоёр зуун ерөн есөн мянга далан дөрвөн төгрөгийн хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хэрэгсэхгүй болгож  шүүх ажиллагааг зогсоосон байна.

ЗДТГ зээлийн судалгаагаа дутуу хийсэн үү,  эсвэл ажилдаа сэтгэлгүй хандав уу, яагаад хаяг утасны дугаар нь тодорхой бус хүнд төсвийн 200 сая төгрөгийг зээлэв гэдэг нь ч эргэлзээтэй.

Манай сайтын сурвалжлах баг нэвтрүүлгийн мөрөөр Энтү ХХК-ийн захирал П.Энхтайвнаас тодруулахаар түүний хаягаар гэрт нь очиход хаяг дээрээ байгаа гэдэг нь энэ баримтаар нотлогдсон.

Нөгөө талдаа шүүх яагаад ийм шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй болгов, эсвэл ажилдаа бас л  сэтгэлгүй хандав уу, үүний цаана ямар нэгэн ашиг сонирхол байна уу гэх хардлагыг ч бий болгож байна.  

Эх сурвалжуудын хэлж байгаагаар Энтү ХХК-ийн цаана Ардчилсан намаас аймгийн  ИТХ-д сонгогдон ажиллаж байсан төлөөлөгч Н.Энхмандахыг байгаа гэх мэдээллийг өгч байна.

Эдгээр албан тушаалтнуудын ярианаас үзэхэд П.Энхтайван биш Н.Энхмандах төслийн цаана нуугдаж байж болзошгүй байгаа юм.

Бид үүнийг батлах үүднээс Энтү ХХК-ийн захирал П.Энхтайвантай утсаар холбогдож тодруулахад: Би аваагүй, Н.Энхмандах мөнгийг нь авсан, наад дарга нар чинь бүгд мэдэж байгаа, би тэр захиргаа энэ тэрээр орж үзээгүй гэсэн хариулт өгсөн. Үүнийг дарга нар мэдэж байсан хэрнээ яагаад зээл олгов гэдэг нь анхаарал татлаа . Энэ мэтчлэн төсвийн мөнгө үр ашиггүй зарцуулагдаж хэн нэгний халаас руу ордог ч байж болзошгүй байгаа юм.

 

Энтү ХХК агаарын бохирдол бууруулах чиглэлээр хэр туршлагатай ХХК бэ гэдгийг бид судалж үзэхэд  энэ ХХК сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, хот хоорондын ачаа тээврийн үйлчилгээ,  гадаад худалдаа, бэлчээрийн хортон шавьж устгах, гудамж талбайн тохижилт үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ХХК гэдэг нь ч тодорхой болсон.

Ямартай ч  Энтү ХХК 200 сая төгрөгийн зээлийг аваад Ховд хотын утааг бууруулж чадсан уу? Ямар аргаар, яаж бууруулав гэдэг асуулт дахин гарч ирж байна.

Гэрээнд 12 залуу гэр бүлийг хувийн сууцтай болгоно, 2019 онд 12 сууцыг ашиглалтанд хүлээлгэж өгнө гэсэн боловч өгөөгүй байгаа тухай холбогдох мэргэжилтнүүд хэллээ. Агаарын бохирдлыг буруулах зорилготой 200 сая төгрөгийн зээлийг авсан Энтү ХХК-ийн захирал одоо ханаа явна вэ. Хэзээ төслөө хэрэгжүүлж Ховд хотын дуниартсан утааг арилгаж залуу гэр бүлүүдийг сууцтай болгох вэ. Энэ мэт ард түмний татварын мөнгө үр ашиггүй зүйлд зарцуулагдсаар байх уу. Энтү ХХК-д хэн хэзээ хариуцлага тооцох вэ.  Бид төсвийн мөнгөний араас явах болно.

2021.11.04 

 

 

 

 

Агаарын бохирдлыг бууруулах зорилготой авсан 200 сая төгрөг хэний халаас руу оров   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх