Ховд аймгийн Булган суманд гэмт хэргийн гаралт буурчээ

2021/11/30
Ховд аймгийн Булган суманд гэмт хэргийн гаралт буурчээ

Байтаг богдын үрс хайраар дутах учиргүй "Эвтэй байг" аяныг Булган сумын сум дундын цагдаагийн хэлтсээс 5 сумын хүрээнд бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж эхэллээ. Аяны хүрээнд гудамж талбай, засмал зам дагуу сурталчилгааны самбарууд байршуулж, олон нийтийг хамарсан  сургалт,лекц зохион байгуулж, гарын авалга тараах материал зэрэг шат дараатай олон ажлыг хийж байна. Дээрх аян гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргийн эсрэг урьдчилан сэргийлэх, ард иргэдэд эрх зүйн мэдлэг олгоход чиглэгдэж байгаа юм. Булган суманд хүүхдүүд гэмт хэрэгт өртөх,хэн нэгэн гэр бүлийн хүчирхийллийн золиос болох асуудлууд өмнөх жилүүдэд байсаар ирсэн. Тэгвэл тус сумын цагдаагийн хэлтэс иргэд рүү чиглэсэн бодит ажлуудыг хийж хэрэгжүүлсний үр дүнд 2021 онд гэмт хэргийн гаралт буурсан үзүүлэлттэй байгаа нь цагдаагийн байгууллагаас зохион байгуулсан олон талт ажлын үр дүн гэж харж болохоор байгаа юм. Тус сумын цагдаагийн хэлтэс 2022 оныг гэмт хэргийн гаралтгүй сум болгох томоохон зорилтыг дэвшүүлжээ. Богино хугацаанд гэмт хэргийг гаралтыг бууруулж ахиц дэвшлийг бий болгож чадсанд иргэд цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд сэтгэл ханамжтай байна. Хүн бүрийн аюулгүй байдал, айл өрхийн амгалан тайван амьдралын төлөө эвтэй байг нөлөөллийн аяныг зохион байгуулсан нь иргэдийн талархлыг бас л хүлээж чаджээ. Ялангуяа гэр бүлийн хүчирхийлэл далд хэлбэрээр ихэвчлэн үйлдэгддэг байна. Эцсийн дүнд хүчирхийллийн золиос нь хүүхэд эмэгтэйчүүд болж хоцордог. Хүчирхийллийг нуух тусам энэ нь аажимдаа хурц хэлбэрт шилжиж, хэн нэгний аминд хүрэх явдал ч монгол улсад бүртгэгдсээр байна. Таны эргэн тойронд, таны хөрш айлынд хүчирхийлэл үйлдэгдэж байвал түүнийг нуух биш, харин ил гаргаж, цагдаагийн байгууллагад мэдэгдэж байх нь иргэн хүний үүрэг байх ёстойг сануулсаар байна. Хүүхдүүд гэр бүлдээ аз жаргалтай, эцэг эхийнхээ хайр халамжинд өсөн бойжих учиртай. Гэтэл зарим эцэг эхчүүд хүүхдээ төдийлөн анхаардаггүй хүүхдээр тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлэх, хүүхдэд бие мах бодын болон сэтгэл санааны дарамт учруулах, тэднийг зодож шийтгэх зэрэг нь хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлдөг аж.

2021.11.30

Ховд аймгийн Булган суманд гэмт хэргийн гаралт буурчээ   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх