“Ховд Мөнх Түшиг” ХХК 400 саяын тендер аваад даргын хүүгээр гүйцэтгүүлжээ

2022/05/12
“Ховд Мөнх Түшиг” ХХК 400 саяын тендер аваад даргын хүүгээр гүйцэтгүүлжээ

Ховд аймгийн Жаргалант сумын хүүхдийн тоглоомын паркын засвар шинэчлэлийн ажлыг гүйцэтгэхээр Ховд Мөнх Түшиг ХХК тендерт шалгарсан байдаг. Тухайн үед тус ХХК-тай “Эм Эм Жи Эй кэй”ХХК тендерт өрсөлджээ.  Мөнх Түшиг ХХК тус ажлыг 391,650,821 төгрөгөөр хийх үнийн саналыг оруулж ирсэн бол  “Эм Эм Жи Эй кэй” ХХК 387,662,743 төгрөгөөр хийж гүйцэтгэх үнийн саналыг оруулжээ. Хамгийн бага төсвөөр хийх саналыг оруулж ирсэн компанийг шалгаруулахгүй өндөр үнийн саналтай компанийг яагаад сонгов гэдэг нь ч эргэлзээтэй. Үүнээс л асуудал үүсч эхэлнэ. Мөнх Түшиг ХХК нэгэнт тендерт ялсан учир гэрээ байгуулж ажлаа эхлүүлэх шаардлага гарна. Иймд 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Мөнх Түшиг ХХК-ийн захирал М.Өлзийхүү, захиалагч талыг төлөөлж засаг даргын орлогч Т.Жаргалсайхан нар гэрээнд гарын үсэг зурснаар гэрээ баталгаажна.

 

Харин “Мөнх Түшиг” ХХК энэхүү ажлыг хийнэ гэж тендерт шалгарч, талууд гарын үсэг зурчихаад тус компани нь ЗДТГ-ын дарга Д.Энхболдын төрсөн хүү, аймгийн харцага Д.Эрдэнэбаяртай гүйцэтгэлийн гэрээ байгуулж ажлаа хийлгэсэн нь анхаарал татаж байгаа юм.

Чухам яагаад Д.Эрдэнэбаяр гэх хүнээр энэхүү ажлыг гүйцэтгүүлэх болов, магадгүй үүний цаана тендерийн наймаа, ашиг сонирхолын зөрчил байж ч болзошгүй байгаа юм. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 41.2-д гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ гуравдагч этгээдэд шилжүүлэхийг хориглоно гэж заасныг зөрчжээ.

Ховд “Мөнх Түшиг” ХХК-ийн захирал М.Өлзийхүү бас нэг ноцтой асуудлыг ярьсан юм. Тэрээр хэлэхдээ өөрийн компанийн ажилчдаар ажлаа гүйцэтгүүлээгүй, Паркынажилчдаар ажлаа гүйцтгүүлсэн гэв. Үүнээс үзэхэд энэ ХХК-д анхнаасаа инженер техникийн ажилчдаас бүрдсэн  мэргэжлийн баг байсан  эсэх нь ч эргэлзээтэй.

Зөвхөн тендер авах нь л чухал байсан уу гэдэг асуулт ч урган гарч байна. Харин үүнийг хууль эрх зүйн хэлтсийн дарга Н.Ганзориг хууль зөрчсөн үйлдэл хэмээн үзэж байна.

Улсын төсвийн 400 сая төгрөгийн төсөвт өртөгтэй парк шинэчлэл парк шинэчлэл байж чадсан уу гэдэг асуулт дахин гарна. Учир нь Ховд аймгийн МХГ-ын 2022 оны 03 сарын 24-ны хяналт шалгалтаар  Паркын үндсэн 13 тоглоомын 9 нь эвдрэл гэмтэлтэй, 4 нь ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан тул тус өдрөөс эхлэн Паркын тоног төхөөрөмж, тоглоомын үйл ажиллагааг зогсоох акт үйлджээ.

400 сая төгрөгний засвар хийгдсэн гэж байгаа хэдий ч Паркын тоглоомыг шинэчлэх нь битгий хэл ямар ч тоглоомд засварын ажил хийгээгүй байсан нь бас л МХГ-ын хяналт шалгалтаар тогтоогджээ.

Ийм байхад яагаад улсын комисс хүлээж авав гэдэг нь бүр анхаарал татаж байгаа юм.

Урин дулааны цаг ирж хүүхэд багачууд тоглож, наадах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх асуудал яг энэ цаг үед тулгамдсан асуудал болж байна. Иймд Паркын тоглоомыг засаж сайжруулж, хэдийн ажиллагаанд оруулах гарц гаргалааг Паркын удирддлагууд эрэлхийлж Дөргний УЦС-ын инженер техникийн ажилчдаар засварын ажлыг хийлгэсэн гэв.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилт үр дүн, үр ашигт хийсэн гүйцэтгэлийн аудитын дүгнэлтээр “Ховд Мөнх Түшиг” ХХК-ийн ажлын даалгавар, техникийн тодорхойлолт нь чанарын түвшин, техникийн үзүүлэлт, гарал үүсэл, эсвэл түүнтэй дүйцэх ямар загвар дизайнтай байх шаардлагуудыг хангаагүй,тендерийн бичиг баримт боловсруулах үнэлгээний хороо нь ажлын даалгавар, техникийн тодорхойлолт нь шаардлага хангаагүй байхад тендер зарласан нь тендер шалгаруулалтын онцгой болон нээлттэй тендер шалгаруулалтын журмыг зөрчиж байна гэж үзжээ. Энэ асуудалд тайлбар авахаар ХАА-ны албыг зорьлоо.

Ховд аймаг дахь Төрийн Аудитын газрын дарга  Х.Болдбаатараас тодруулах гэсэн боловч тайлбар өгөхөөс татгалзлаа. Нийтийн эрх ашиг зөрчигдөж байгаа ил асуудалд зарим төрийн албан хаагч, дарга удирдлагууд яагаад мэдээлэл өгөхөөс татгалзаж, хаалганы цаана нуугдана вэ, энэ үйлдэл нь төрийн албан хаагчийн ёс зүйд нийцэх асуудал мөн үү гэх асуултыг энд үлдээе.

Төр нь төр шиг байж, тендер авсан компани нь ажлаа хариуцлагатай хийж, хууль дүрмээ биелүүлдэг байх ёстой. Хүүхэд багачуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх тоглоомын хөшүүрэг болсон Паркад 400 сая төгрөгийн шинэчлэл хийгдсэн ч өнгө төрх нь гундуухан байна. Одоо бид яах вэ улсын төсвийн мөнгийг хэд хэдэн саяаар нь энэ мэтчлэн үрээд байх уу үүнд хяналт тавих хууль хяналтын байгууллага, мэргэжлийн салбар байна уу. Бид энэ асуудлыг нэхэн сурвалжилна...

2022.05.12

“Ховд Мөнх Түшиг” ХХК 400 саяын тендер аваад даргын хүүгээр гүйцэтгүүлжээ  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх