“Саруул цамхаг” ХХК-нд олгосон тендер хууль зөрчсөн гэдэг нь шүүхээс тогтоогджээ

2022/06/02
“Саруул цамхаг” ХХК-нд олгосон тендер хууль зөрчсөн гэдэг нь шүүхээс тогтоогджээ

2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр нээсэн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар зарлагдсан ХХААГ-ын лабораторийн барилгын тендерт нийт 6 компани өрсөлдсөн байна. Гэтэл үнэлгээний хорооны гишүүд шаардлага хангаагүй “Саруул цамхаг” ХХК-нд илт давуу байдал үүсгэж уг тендерийг яагаад олгов гэдэг асуултаас бүх зүйл эхэлж байна.

Тухайн үед үнэлгээний хорооны даргаар Ховд аймгийн ЗДТГ-ын ХААА-ны дарга Б.Батсүх, нарийн бичгийн даргаар ХААА-ны мэргэжилтэн Х.Дэмид, гишүүдэд аймгийн ЗДТГ-ын мэргэжилтэн Д.Дөмөгтүшиг, Төрийн бус байгууллагын төлөөллөөс О.Мөнхжаргал, иргэний төлөөллөөс П.Мөнхбаатар нар оролцжээ. Харин үнэлгээний хорооны 5 гишүүний 2 нь уг компанийг шаардлага хангахгүй байна хэмээн үзэж, тендерт шалгаруулахаас татгалзаж,  эсрэг байр суурийг илэрхийлсэн ч бусад гишүүд нь “Саруул цамхаг” ХХК-ийг шалгаруулсан байгаа нь анхаарал татлаа. Үүнээс үзэхэд үүний цаана ямар нэгэн ашиг сонирхол байсан ч байж болзошгүй байгаа юм.

Харин түүний  тайлбар худал болохыг, мөн тендерийн үнэлгээний хороо хууль бус дүгнэлт гаргасныг 2022 оны 04 сарын 28-ны өдөр Говь-Алтай аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүх ийнхүү тогтоожээ.

Үнэлгээний хороо хууль зөрчсөн гэдэг нь шүүхээс тогтоогдсон учир   ХААА-ны дарга Б.Батсүхэд хариуцлага тооцож ажлаас нь чөлөөлөх нь зөв хэмээн үзэж ЗДТГ-ын дарга Д.Энхболд байр сууриа ийнхүү илэрхийллээ.

Тийм ч учраас засгийн газрын 377 дугаар тогтоол, төрийн албаны зөвлөлийн 2021 оны 241 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ХААА-ны дарга Б.Батсүхийг ажлаас нь чөлөөлөхийг ОНӨГ-ын дарга Ш.Нохойжавд үүрэг болгосон байна.

Үнэлгээний хороог хууль зөрчсөн хэмээн үзэж тухайн үед тендерт өрсөлдсөн “Зөөлөн тэмүүлэл констракшн” ХХК-ийн захирал У.Болдбаяр МУ-ын сангийн яам болон АТГ-т гомдол гаргаж хууль хяналтын байгууллагад хандсан билээ. Ийнхүү  “Саруул цамхаг” компанийн тендерийн асуудал сөхөгдөж эхэлмэгц  “Саруул цамхаг”компани нь хэл амыг намжааж, уг  тендерийг авахын тулд “Зөөлөн тэмүүлэл констракшн” компанийн захирал У.Болдбаярыг гомдлоо татчих хэмээн 50 сая төгрөг амлаж авилга өгөхийг завдсан хэмээв.

Шүүх үнэлгээний хороог хууль бус дүгнэлт гаргасан хэмээн үзсэн. Мөн МУ-ын сангийн яам “Саруул цамхаг” ХХК-ийг тендерийн баримт бичигт заасан хэд хэдэн шалгуурыг хангахгүй байна хэмээн үзэж АТГ-т зөвлөмж тайлбараа хүргүүлсэн байна. Энэ асуудлаар “Саруул цамхаг” ХХК-ийн захирал Б.Бадрахаас тайлбар авах гэсэн боловч, тайлбар өгөхөөс татгалзаж  сэтгүүлчийн биед халдаж ёс зүйгүй авирлалаа.

Харин “Зөөлөн тэмүүлэл констракшн” ХХК-ийн захиралУ.Болдбаяр хууль зөрчиж тендер олгодог асуудлыг таслан зогсоож, үнэлгээний хорооны даргаар ажилласан Б.Батсүхэд хариуцлага тооцуулна гэлээ.

Илт хууль зөрчиж, шаардлага хангаагүй компанийг тендерт шалгаруулсан байгаагаас харахад үүний цаана хэний ямар эрх ашиг байв.Хамгийн хачирхалтай нь шаардлага хангаагүй “Саруул цамхаг” ХХК барилгын ажлаа аль хэдийнээ эхлүүлжээ.

Шүүхийн шийдвэр гарсан харин одоо хууль зөрчсөн эрх мэдэлтнүүдэд ямар хариуцлага хүлээлгэх вэ гэдгийг харах л үлдлээ. Бид эргэн суравлажилна.

2022.06.02

 

 

“Саруул цамхаг” ХХК-нд олгосон тендер хууль зөрчсөн гэдэг нь шүүхээс тогтоогджээ  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх