Тендерийн ноёрхол буюу “Саруул цамхаг” ХХК эрэн сурвалжлах нэвтрүүлэг

2022/10/01
Тендерийн ноёрхол буюу “Саруул цамхаг” ХХК эрэн сурвалжлах нэвтрүүлэг

“Саруул цамхаг” ХХК-ийн захирал Б.Бадрах нь улсын төсвийн хөрөнгө оруулалттай өндөр өртөгтэй хэд хэдэн тендерийг Ховд аймагт авсан.

Тухайлбал:Түлхүүр гардуулах нөхцөлтэй “Малын гаралтай түүхий эдийн цэвэрлэх байгууламжийг улсын төсвийн 4,789,948,145 / дөрвөн тэр бум долоон зуун наян есөн сая, есөн зуун дөчин найман мянга, нэг зуун дөчин тав/ мянган төгрөгийн өртөгтэй тендерийн гэрээг 2018 оны 10 дугаар сарын 12-ний өдөр ХХААХҮЯ-тай хийсэн байдаг. Уг ажлыг 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр ашгилалтанд хүлээлгэж өгөх ёстой байлаа. Гэтэл төр нь түүнийг шагнаж түрүүвчийг нь зузаалж мялааж байгаа аятай  дахин улсын төсвийн хөрөнгө оруулалттай ХХААГ-ын лобараторийн барилгын нэг тэр бум 913 сая төгрөгийн төсөвт өртөгтэй тендерийг 2021 оны 08 дугаар сарын 02-ний өдөр өгсөн. Тухайн үед тендерийн үнэлгээний хороонд нийт 5 гишүүн орсон. Тэдгээрээс 2 гишүүн  нь “Саруул цамхаг” ХХК-ийг шаардлага хангахгүй байна гэж үзээд татгалзжээ.

Гэсэн хэдий ч үнэлгээний хорооны 3 гишүүн тус компанийг хамгийн сайн үнэлгээтэй гэж үзэн гэрээ байгуулах эрхийг олгосон нь бусад өрсөлдөгч компаниудын дургүйцлийг хүргэж эхэлсэн байгаа юм. Тийм ч учраас “Зөөлөн тэмүүлэл констракшн” ХХК-ийн захирал У.Болдбаяр МУ-ын сангийн яаманд гомдол гаргаж, хууль хяналтын байгууллагад хандсан байдаг. Үүнтэй зэрэгцэн “Саруул цамхаг” ХХК-ийн захирал Б.Бадрахын төрсөн дүү Б.Хатанзориг нь “Зөөлөн тэмүүлэл констракшн” ХХК-ийн захирал У.Болдбаярт их хэмжээний мөнгө буюу 50 сая төгрөг амалж тохиролцье хэмээн уулзсан гэж тэрээр ярьдаг.

Б.Хатанзориг яагаад ахынхаа өмнөөс ийм асуудал ярив гэдэг нь ч хамгийн хачирхалтай. Үүнийг “Зөөлөн тэмүүлэл констракшн” ХХК-ийн захирал У.Болдбаяр хэлэхдээ ах дүү хоёр ашигаа хуваадаг байж ч болзошгүй гэж талбайрлав.

Тэгвэл хамгийн сайн гэж үнэлэгдэж тендерт шалгарсан “Саруул цамхаг” ХХК-ийг МУ-ын сангийн яамны зүгээс шаардлага хангахгүй байна хэмээн үзэж АТГ-т зөвлөмжөө хүргүүлсэн байдаг.

“Саруул цамхаг” ХХК нь хууль бусаар тендер авсныг дараагийн баримт ингэж нотолно. Тухайлбал: Говь-Алтай аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүх үнэлгээний хороо хууль бус дүгнэлт гаргаж “Саруул цамхаг” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосныг ч тогтоосон байдаг.

Тухайн үед тендерийн үнэлгээний хороог Ховд аймгийн ЗДТГ-ын ХААА-ны дарга Б.Батсүх ахалж орсон байдаг. Анхан шатны шүүх үнэлгээний хороог хууль бус дүгнэлт гаргасныг нотолчихсон.

МУ-ын сангийн яам “Саруул цамхаг” ХХК-ийг шаардлага хангахгүй байгааг тодорхой дурьдсан, захиргааны хэргийн анхан шатны шүүх нь ч  үнэлгээний хороо хууль бус дүгнэлт гаргасныг тогтоочихсон. Мөн үнэлгээний хорооны 2 гишүүн татгалзах саналаа хэлсэн байдаг. Гэтэл яагаад энэ компанид өндөр өртөгтэй тендерийг олгов.

“Саруул цамхаг” өмнөх ажлаа хугацаанд нь хүлээлгэж өгөөгүй, мөн сүүлийн тендер буюу ХХААГ-ын лабораторийн барилгын ажлаа 2022 оны 07 дугаар сарын 30-ний өдөр хүлээлгэж өгөхөөр байсан ч бас л өгөөгүй хэвээр байна. Үүнийг тодруулахад гэрээ нь сунгагдсан, төсөв нь нэмэгдэж 2 тэр бум 700 сая болсон тухай холбогдох мэргэжилтэн хэллээ. “Саруул цамхаг” ХХК анх тендерт шалгарахдаа  нэг тэр бум 913 сая төгрөгийн тендерийг авсан. Гэсэн хэдий ч төсвөө 800 орчим сая төгрөгөөр дахин нэмүүлжээ.

Энэ асуудлаар хяналт тавих үүрэгтэй Ховд аймгийн ГХБХБГ-ын хэлтсийн дарга З.Өмөртэйгээс тодруулахад хаана ямар гэрээ хийгдсэн гэдгийг ч мэдэхгүй байгаа нь дэндүү харамсмаар...

Төрөөс цалин авч, төрийн ажлыг ийж буй албан тушаалтны үнэн төрх ийм байна. Төрөөс тэдэнд хяналтын зардлыг суулгаж өгдөг байхад тэд яагаад ажлаа хийхгүй байна вэ. Энэ асуудалд Ховд аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд С.Бямбацогт байр сууриа илэрхийлж,төрд суугаа хэн ч бай шударга ажиллаж, төрөөс хулгай хийж, худал хэлэхгүй байхыг санууллаа.

Тэгвэл улсын төсвийн ажил гацаж байгаа асуудлаар манай сайтын сурвалжлах баг нийслэл Улаанбаатар хотыг зорьж холбогдох яамдаас тодрууллаа. Гэрээ хийсэн яам нь ч дүлийрчихсэн, хяналт тавьж байгаа эсэх нь ч эргэлзээтэй, учир битүүлэг хариултаа ахин дахин өгнө. Яам нь аймаг хяналт тавих ёстой гэнэ, харин аймаг нь яам хяналт тавих ёстой хэмээн бие бие рүүгээ мэлздэг.

Төсөл тендер шударга зарлагдаж, очих ёстой эзэндээ очихгүй байгаа асуудал Ховд аймагт газар авсан. Энэ асуудлыг зайлшгүй цэгцлэх шаардлагтай байгаа юм. Тийм ч үүднээс Ховд аймгийн засаг даргыг хүртэл сольж, Э.Болормаа гэх эмэгтэйг томилсон. Харин шинэ засаг дарга ажлаа юунаас эхэлж, шударга бус зүйлтэй хэрхэн тэмцээхийг бид харах л үлдэж байна. 2022.10.01

Тендерийн ноёрхол буюу “Саруул цамхаг” ХХК эрэн сурвалжлах нэвтрүүлэг  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх