Б.Билэгт генерал УИХ-ын сонгуульд бие дааж Баруун бүсэд нэр дэвшинэ.

2024/03/22
Б.Билэгт генерал УИХ-ын сонгуульд бие дааж Баруун бүсэд нэр дэвшинэ.

МҮОНРТ-ийн дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга, Тагнуулын ерөнхий газрын дарга, ЦЕГ-ын дарга, ШШГЕГ-ын дарга асан, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн асан Б.Билэгт миний бие УИХ -ын сонгуулийн Баруун бүс буюу 2 дугаар тойрогт бие даан нэр дэвших болсноо албан ёсоор мэдэгдэж байна хэмээн өөрийн албан ёсны цахим хуудсаараа дамжуулан бичжээ.

 

Түүний ажил амьдралын туршлага, товч намтарыг та бүхэнд сийрүүлэн хүргэе.

 

1. Захчин ясны Тавинаахан овгийн / элкэний/ Лунжийн Боролдой.

Энэ хүн захчны алдарт Боохийн Самбуу ноёны ойрын төрөл бөгөөд түүний хоньчин, 9 хүүхэдтэй хүн байж.Ноён, хоньчин хоёул 1860 аад оны нэг үеийн хүмүүс юм байна.

(Б.Самбуу ноён бол захчин Да-гийн хошууг 1901-1925 онд засагласан, Ховдын тулалдаанд оролцсоны төлөө 1913 онд Богд хаанаас Жанжин цол, гүнгийн зэрэг хүртсэн хүн юм.)

2. Боролдойн Баарай / 1894-1940/

Генерал Б.Билэгтийн хөгшин аав энэ хүн Лунжийн Боролдойн 2 дахь хүү бөгөөд 1920 -иод оны сүүлээр нутгийн бүсгүй Мишигийн Энхтэй /1894-1977/ гэр бүл болж, 2 охин 1 хүү төрүүлжээ.

Боролдойн Баарайн төрсөн дүү Боролдойн Баасай нь 1940- өөд оны сүүлээс 1990- ээд оны эх хүртэл Манхан сум нэгдэлдээ сумын даргаас эхлээд бүх шатны удирдах ажлыг насаараа хийсэн, олон түмэндээ Баасай дарга гэж алдаршсан хүн байжээ.

Б.Билэгтийн хөгшин ээж М.Энхийн төрсөн ах Мишигийн Лувсан нь /1891-1975/ Ховдыг чөлөөлөх байлдаанд оролцсоныхоо дараа 1914 оноос Сэлэнгэ нутагт очин амьдарч байгаад 1921 оны хавар Ардын журамт цэрэгт элсэн Ханын хөндийн тулаанд оролцож яваад зүүн мөрөндөө хүнд шархтан цэргээс халагджээ. 1950- иад оны дунд үе хүртэл Сэлэнгэ нутагт мал маллаж байгаад Улаанбаатарт шилжин суурьшсан Сүхбаатарын одонт ахмад дайчин, партизан хүн байжээ.Манхан сумын 3 партизаны 1 гэж түүхэнд бичигдсэн байна.

3. Баарайн Баянмөнх / 1931-2002 он/

Боролдойн Баарайн ганц хүү Баянмөнх Ховд аймгийн Манхан сумын Зэрэг гол багийн Шар булгийн өвөлжөөнд 1931 онд төржээ. Тэрээр 1949-1952 онд МУИС-д суралцаж байгаад Зөвлөлт-Монголын хамтарсан <<Совмонголметалл>> / одоогийн Монголросцветмет/ нэгдлийн уурхайд ажиллахаар зүүн аймгуудруу явжээ.

Б.Баянмөнх 1955 онд Бэрхийн уурхайд ажиллаж байхдаа Ховд аймгийн Мянгад сумын харьяат Санжаагийн Дэнсмаатай гэр бүл болсон 7 хүүхэдтэй айл юм байна.

Бэрхийн уурхайн цахилгааны инженер Баянмөнхийг 1965 онд Аж Үйлдвэрийн яаманд дуудан ажиллуулснаар тэднийх нийслэл хотын айл болжээ.

4. Баарайн Баянхмөнхийн 3 дахь хүүхэд нь 1960 онд Бэрхийн уурхайн Тосгонд төрсөн Билэгт юм байна.

Б.Билэгтийн ээж Санжаагийн Дэнсмаа / 1937-2003 / Ховд аймгийн Мянгад суманд төрсөн Баяд хүн ажээ.Учир нь: Б.Билэгтийн нагац хөгшин аав нь 1891 онд Увс аймгийн малчин сумын / одоогийн нэрээр/ нутагт төрсөн, баядын Шаазгай овгийн Шарын Санжаа хэмээх хүн бөгөөд 17 нас хүртлээ Улаан гомын хийдэд шавилж суугаад нутгаасаа гарч Богдын Хүрээ зэрэг төв нутгаар хэрэн яваад, 1912 онд Ховдыг чөлөөлөх үйл явдлыг биеэр үзэж, Дамбийжаа тэргүүтэнгүүд Сангийн хэрмийг эзлээд гарч ирэхийг нүдээр харсан, 1914-1918 онд Алтайн цаана Оросын Бийск хотноо худалдаа арилжаа эрхэлж явсан, 1920-1921 онд төвийн нутгаар Бароны цэрэгт татагдан явсан, ёстой нэг <<юм үзэж нүд тайлсан >> нэгэн байжээ.Тэрээр, 1920-иод оны дундуур Ховдын Мянгад хошуунд ирж суурьшин нарийн дархны үйл эрхэлж, 1931 онд мянгадын Шар хиргис овгийн Магсарын Янжинг / 1913-1992/ эхнэр болгон авч 2 охин төрүүлсэн байна.Хожмоо Мянгадын дархан Санжаа гэж алдаршсан тэр хүн 1952 онд нас баржээ.

Генерал Б.Билэгтийн нагац хөгшин ээж М.Янжингийн төрсөн дүү Магсарын Баянзул нь Монголын анхны дээд мэргэжлийн /Москвад төгссөн/ ном-зүйч хүн бөгөөд 1960- аад оны сүүлээс 1970-аад оны сүүл хүртэл Улсын төв номын сангийн захирлаар ажиллаж байжээ. Одоо Ховд аймгийн төв номын сан Соёлын гавьяат зүтгэлтэн Магсарын Баянзулын нэрэмжит болсон байна.

Жич: Монгол оронд 1990 онд өрнөсөн ардчилсан хөдөлгөөний манлайлагч Монголын Ардчилсан Холбооны /МоАХ/ анхны 13 удирдагч зүтгэлтний нэг нь Баянмөнхийн Билэгт гэдгийг манай дээд, дунд үеийнхэн андахгүй билээ.

Монгол нутагт 20 дугаар зуунд нүргэлсэн / 1911, 1921,1990 онууд/ 3 том хувьсгалт үйлсэд оролцож зүтгэсэн удам угсааны түүх бахдалтай хүн хэмээн түүний намтарыг  онцолжээ.

Б.Билэгт генерал УИХ-ын сонгуульд бие дааж Баруун бүсэд нэр дэвшинэ.   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх