Хаврын тариалалтын ажил эхлэж байна.. Ховд аймгийг газар тариалангийн бүс нутаг гэж хэлж болно. Монгол улсын 21 аймгаас шар төмс, тарвас зэрэг брэнд бүтээгдэхүүнээрээ ялгардаг. Орон нутгийн хөрсөнд ургуулсан эко бүтээгдэхүүнээр бүсийн аймгуудаа хангаж, эдийн засгийн эргэлтэнд оруулдгаараа онцлог. Ховдын шар төмс, тарвас, амтат гуаг монголд мэдэхгүй хүн ховор. Сүүлийн жилүүдэд газар тариалан эрхлэгчдийн тоо эрс нэмэгдэж, жимс жимсгэнэ, хүнсний ногоо тариалах өрхийн тоо ч ихсэж өрх айл бүр хашаандаа тариалалт эрхлэхийг эрмэлзэх болсон.Тариалалт нэмэгдэж байгаа нь сайшаалтай ч сайны хажуугаар саар гэгчлэн зарим хүнсний ногоо чанаргүй байна, Ховдын алдарт тарвас амт чанараа алдаж, бордоотой байгааг шүүмжлэх хүмүүс ч цөөнгүй байгаа юм. Тэгвэл хаврын тариалалтад мэргэжлийн байгууллагууд хэрхэн анхаарч, хяналт тавьж байна вэ, газар тариалан эрхлэгчдэд мэргэжлийн зөвлөгөөг хэрхэн өгч ажиллаж байгаа талаар манай сайтын сурвалжлах баг аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас тодрууллаа. Хүнсний ногоо, жимс жимсгэнэ, ялангуяа тарвасны үнэ цэнэ, чанар байдал нь алдагдахад хүрч байна гэх шүүмжлэл яагаад бий болов гэдэг дээр анализ хийх цаг болсон.Мэдээж бордоо ашиглана, гэхдээ ямар хамжээнд яаж ашиглах вэ гэдэг нь чухал. Тариаланчдын хувьд бие биенээсээ өрсөж түрүүлж эдийн засгийн эргэлтэнд оруулж, зарж борлуулж ашиг олохын тулд их хэмжээний бордоо ашиглаж, хугацаанаас нь өмнө бордож болгож байна гэх мэдээллүүд бидэнд ирдэг. Бид ашиг олох асуудлыг нэгдүгээрт тавих биш ард иргэдэд чанартай, эко бүтээгдэхүүнийг нийлүүлэх нь чухал байгаа юм. Тиймээс газар тариалан эрхэлж буй игрэд, аж ахуй нэгжүүд горимын дагуу төмс хүнсий ногоо, жимс жимсгэнээ тариалж, хугацаанд нь ургацаа хурааж ард иргэдийг орон нутгийн хөрсөнд ургуулсан амт чанартай, эко бүтээгдэхүүнээр хангах асуудалд чухал ач холбогдол өгч анхаарах хэрэгтэй байна.
Хариулт (0 )