Ховд аймгийн МАН 2016-2024 онуудад 2 удаагийн орон нутгийн сонгуульд ялалт байгуулж, сүүлийн 8 жил засагласан ч эв нэгдлээ хангаж ажиллаж чадаагүй гэж хэлж болно.
Нэг ёсондоо албан тушаал, сандал ширээний зодоонтой 8 жилийг өнгөрүүлж, энэ хугацаанд гурван ч удаа аймгийн засаг дарга солигдсон гээд улс төрийн хувьд ч тогтворгүй он жилүүд өнгөрсөн.
Нам дотроо эрх ашгийн зодоонтой, тиймдээ ч ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр ажиллаж байсан одоогийн УИХ-ын гишүүн Э.Болормааг намын даргаараа томилж, аймгийн засаг дарга болгож байсан түүхтэй.
Э.Болормаа намдаа ч тэр Ховдын иргэдэд хүлээн зөвшөөрөгдөөгүй тооноор орж ирсэн хочтой үлдсэн.
Э.Болормаа тооноор орж ирсэн шалтгаанаа тайлбарлахдаа би Ховд аймагт үүрлэсэн шударга бус зүйлийг арилгана, шинэ салхи сэвэлзүүлнэ, тендер төслөөр хөлжсөн намынхаа мөнгөтэй ах нарыг улс төрөөс зайлуулна гэдэг зорилготой байгаагаа ч нуугаагүй.
Тиймдээ ч 2024 оны орон нутгийн сонгуульд шинэ залуу үеэ дэмжиж, залуусыг нэр дэвшүүлэх бодлого барьж хуучинсаг үзэлтнүүдийг хална гэсэн амлалтаа биелүүлсэн ч МАН орон нутгийн сонгуульд ялагдаж Ардчилсан нам үнэмлэхүй ялалт байгуулсан билээ.
Э.Болормаа орон нутгийн сонгуульд намаа ахалж оролцсон ч бөхөөр бол өвдөг шороодчихсон.
Намаа ялагдуулчихсан учир намын даргаа өгөх нь зүй ёсны хэрэг. Гэхдээ л бууж өгөхгүй байгаа сурагтай.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалантай Ховд аймагт ажиллаад буцах үеэрээ намын даргын ажлаа өгнө, гэхдээ дараагийн даргыг байршилаас үл хамааран сонгогдоосой гэж хүсэж байна хэмээн байр сууриа илэрхийлсэн нь ч учиртай.
Ховд аймгийн МАН-ын тэргүүлэгчид энэ сарын 22-нд хуралдаж намын даргаа сонгоно.
Намын даргад Маамуугийн Ганзориг, Гомбоогийн Пүрэвганди, Баяраагийн Болорцэцэг, Тогтохын Жаргалсайхан, Ширэндэвийн Батжаргал, Дангаагийн Авирмэд нар өрсөлдөнө гэх мэдээлэл байна.
Харин МАН дотооддоо хэд хэдэн удаа хуралдсан ч намын даргад хэн хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдэг асуудал дээр нилээд маргаантай байгаа аж.
Ямартай ч энэ удаад гадны цүнхтэй хүнийг нэр дэвшүүлэхгүй, сонгохгүй гэдэг байр суурьтай байгаа гэнэ.
Цүнхтэй хүн нь Дангаагийн Авирмэд болж таарч байгаа юм.
Д.Авирмэд нь Ховд аймгийн Дарви сумын харьяат, одоогийн УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн зөвлөх юм байна.
Ямартай ч энэ сарын 22-нд Ховд аймгийн МАН-ын тэргүүлэгчид хуралдаж намын даргаа сонгоно. Хэн сонгогдохыг харах л үлдэж байна.
Хариулт (0 )