“ХӨГЖИЛ” ПОЛИТЕХНИКИЙН КОЛЛЕЖ ОЛОН УЛСАД МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДЛЭЭ
Ховд аймаг дахь Хөгжил Политехникийн коллеж Ази, Номхон далайн бүсийн хүний нөөцийн хөгжлийн техникийн боловсролын ажилтны коллеги (CPSC-Colombo Plan Staff College)-ийн Ази Номхон Далайн Бүсийн Магадлан Итгэмжлэл, Гэрчилгээжүүлэлтийн комисс (APACC)-оор 2028 он хүртэл 4 жилийн хугацаатай магадлан итгэмжлэгдэж, алтан өргөмжлөл хүртлээ.
Хөгжил политехник коллеж нь анх 1944 онд Мал эмнэлгийн 2 жилийн сургууль нэртэйгээр байгуулагдсан. Монгол улсын Засгын Газрын 2010 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн тогтоолоор Ховд аймаг дахь Хөгжил Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн төв, Хөдөө аж ахуйн Их Сургуулийн Ховд аймаг дахь Алтайн бүсийн салбар сургуулийг нэгтгэснээр Ховд аймаг дахь Хөгжил Политехник Коллеж болон өргөжиж сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна.
Дэлхийд үнэлэгдэхүйц ур чадвартай мэргэжилтэн бэлтгэхийн төлөө хичээн зүтгэн ажилладаг коллежийн хамт олон жилд хоёр удаа төгсөлт хийдэг.
80 жилийн түүхийг бүтээж буй Ховд аймгийн Хөгжил Политехник коллеж нь Барилга, уул уурхай, Хөдөө аж ахуй, Үйлдвэр үйлчилгээ гэсэн гурван үндсэн төрөлд 33 мэргэжлийн хөтөлбөрөөр сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна.
Энэ хичээлийн жилд 1200 гаруй хүүхэд суралцаж мэргэжилтэй боловсон хүчин болоход бэлтгэгдэж байгаа юм.
2023-2024 оны хичээлийн нэгдүгээр улирлын төгсөлтөөр 13 мэргэжлээр 174 суралцагч төгсөж хөдөлмөрийн зах зээлд нийлүүлэгдсэн байна.
Хариулт (0 )