Ч.Анар: Бид Филиппин, Индонезэд хиймэл оюун ашиглаж шинэ үеийн банкны үйлчилгээ нэвтрүүлэх гэж байна

2018/12/12
Ч.Анар: Бид Филиппин, Индонезэд хиймэл оюун ашиглаж шинэ үеийн банкны үйлчилгээ нэвтрүүлэх гэж байна

- “Анд Глобал” компанийг үүсгэн байгуулах, бизнесийн гол санааг хэн анх гаргасан тухайгаас яриагаа эхэлье.

- Технологийн платформ хийе гэдэг санаа минийх байв. 

Энэ санааг О.Болдбаатар найз маань микро санхүүгийн хэрэгсэл байх ёстой гэж баяжуулсан.

Үүнийгээ бид технологийн тусламжтайгаар нэвтрүүлэхийн тулд дэлхийн нэртэй математикчдын нэг, Математикийн ухааны мастер, доктор Ү.Отгонбаяр, мөн Мобикомд ажиллаж байсан монголын сод програм хангамжийн инженерийн нэг, мастер П.Отгонбаяр гэж залуу мөн “Шинэ Монгол” сургуулийн захирал, доктор П.Наранбаяр гэсэн таван хүн нийлж энэ ажлыг эхлүүлсэн.

Анхны санаа маань нэлээд өөр байлаа. Японд зээлийн эх үүсвэр их байдаг бол Зүүн Өмнөд Азийн хөгжиж буй орнуудад мөнгөний эрэлт их байдаг. Улстөр, нийгэм эдийн засаг, хууль эрх зүй, соёлоосоо хамаараад эдгээр оронд мөнгө орж ирэх урсгал үүсдэггүй. Тиймээс ч Японд байгаа мөнгөний урсгалыг улстөр, эдийн засгийн хамааралгүйгээр Монгол руу болон Зүүн Өмнөд Азийн улсууд руу оруулах механизм бий болгоё гэж эхэлсэн юм.

Ингэх явцдаа бид хиймэл оюун ухаан дээр суурилсан технологи боловсруулсан. Харилцагчийг яаж хурдан хугацаанд таньж мэдэх вэ буюу найз нөхөд хоорондоо мөнгө зээлэхдээ ямар нэгэн барьцаа хөрөнгө, орлого хамаарахгүйгээр зөвхөн итгэлцэл дээр үндэслэж мөнгө зээлдэг. Яг энэ сэтгэхүйг бид хиймэл оюунаар шийдсэн гэсэн үг. Бизнесээ АНД гэж нэрлэсэн нь ч ийм учиртай. Дээрээс нь энэ компанийг найз нөхдүүд нийлж байгуулсан.

Хамгийн гол нь бид ямар нэгэн ашиг сонирхол гэхээсээ үзэл бодлоор нэгдсэн хүмүүс. Монголчууд хийж чаддаг гэдгийг харуулъя, ингэхдээ хиймэл оюун ухааны технологийг ашиглая гэж зорьсон.

- ЛэндМН -ийг тусад нь охин компани болгосон учрыг тайлбарлахгүй юу?

- Бидний хувьд эхний ээлжинд технологи л хийсэн. Тэр технологио зах зээлд батлан харуулахын тулд санхүүгийн бүтцийг, бүтээгдэхүүнийг өөрсдөө бий болгож тусад нь бизнес болгосон гэсэн үг.

Шалтгаан нь ч тодорхой. Монголчууд хиймэл оюун ухаанаар дэлхийд гарна гэхээр хүлээж авах хүн үгүй.

Эсрэгээрээ мөн дотооддоо гэхээр манай банк санхүүгийн салбар ч технологийг үнэлэх үнэлэмж тийм ч сайн биш. Тиймээс ч энэ бэрхшээлийг өөрсдөө давах шаардлага гарсан. Бусдад итгүүлж, үнэмшүүлэх гэж цаг алдаж байснаас өөрсдөө хийгээд харуулъя гэж зорьж банк бус санхүүгийн байгууллага худалдаж аваад бүтцийн өөрчлөлт хийгээд явсан нь анх финтек буюу financial technology компанийг бий болгосон гэсэн үг.

Монгол залуусын хувьд хэчнээн сайн зүйл хийвч үнэлэгддэггүй учир бид өөрсдөө бүтээгдэхүүн гаргахаар шийдсэн нь маш зөв шийдвэр байсан 

Харин одоо харж байхад олон улсад өрсөлдөхдөө ч санхүү болон технологийн компани гэж явах нь зөв юм байна гэж харж байгаа. Яагаад гэхээр бид  санхүүг нь ч, технологийг нь ч хийж чадаж байна. Бид нар өөрсдөө  “A True FinTech Company” гэж тодорхойлоод байгаа юм.

Яг энэ асуудлаар бид их удаан буюу хоёр жил орчим маргасан. Юу гэхээр бид үндсэндээ технологийн компани юм уу, санхүүгийн компани юм уу гэж маш их маргадаг байсан. Нэг тийш болгох нь яагаад ярвигтай байсан бэ гэхээр компанийн засаглал, соёлын хувьд технологи, санхүү гэх энэ хоёр салбар маань асар их ялгаатай.

Манай компанийн санхүүгийн тал дээр гэхэд Монголын болон дэлхийн банк санхүүгийн салбарын шилдэг мэргэжилтнүүд ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, хоёр салбарыг аль алийг нь тойглож зохицуулж явах нь зөв юм байна гэж бодсон.

Технологийн ихэнх компаниуд ашиг нэг их олдоггүй ч үнэлгээ нь л өсөөд байдаг шүү дээ. Энэ асуудлыг том, том сангаас хөрөнгө оруулалт авч шийддэг боловч Монгол залуусын хувьд хэчнээн сайн зүйл хийвч үнэлэгддэггүй учир бид өөрсдөө бүтээгдэхүүн гаргахаар шийдсэн нь маш зөв шийдвэр байсан гэж бид одоо ярилцлдаг. Зөв байсан нь бидний гадагшаа хийж байгаа үйл ажиллагааны өргөжүүлэлтээс ч харагдаж байна.

- Монголоор дүүрэн шахуу л старт-ап компани хийе, яаж хийх үү, дэлхийд гаръя гэж ЯРЬСАН залуус байна. Хамгийн гол нь яг зориглоод хийгээд үйлдэл болгоод цааш бага багаар ахина гэдэг тэр бүр хүний хийх алхам байдаггүй. Амжилт олох нь ч цөөхөн. Та бүхний хувьд олон улс дахь үйл ажиллагаа төсөөлж байснаас ч их өргөжжээ. Үүнд юу нөлөөлөв. Үүсгэн байгуулагчдын дундаж насыг нэмж бас асуумаар байна?

- Хийе гэж ярьдаг нь дүүрэн байна гэдэг үнэн. Бид өнөөдөр хорин хэдтэй залуус биш. Өөрсдийгөө бид хор нь гарчихсан хүмүүс гэж хоорондоо ярьдаг юм.

Бүгд хүн удирдаад үзчихсэн, хүний дор ажиллаад үзчихсэн. Баг босгоод компанийг босгож ч үзсэн, унагаж ч үзсэн. Мөнгөтэй байж үзсэн. Мөнгөгүй ч байж үзсэн. Тодорхой хэмжээнд тал талын туршлагатай, салбар салбартаа танигдчихсан хүмүүс байсан нь өнөөдрийн бидний ажил амжилттай яваан үндэс гэж боддог.

Дундаж нас 40 орчим юм уу.

- Монголд хэд хэдэн финтек бизнес хийж байгаа компани бий гэж ойлгож байгаа. Та бүхний гол ялгааг юу гэж тодорхойлох вэ. Гадаад зах зээл рүү гарж байгаа тань давуу тал уу?

- Бидний хамгийн гол ялгаа бол баг. Монголд залуус хувийн амбиц ихтэй. Миний хувьд олон жилийн турш ажиглаж ирсэн зүйл бол чадварлаг залуус маань багаар ажиллах чадвар маш муу. Том зорилгын төлөө том амбицтайгаар зориглож хийж чаддаггүй.

Тийм ч учраас энэ сэтгэлгээний буруу ойлголтыг эвдэж чадаж буй хамт олон багаа л би онцолж хэлнэ.

Бидний хийсэн технологийг чадвартай баг зургаан сарын дотор хуулж чадна. Гэхдээ хиймэл оюун ухааны технологийг Монголд байтугай дэлхийд ч үнэ цэнэтэй чадвар учраас үүнийг амархан хуулахгүй.

Тэгэхээр бидний хамгийн том давуу тал гадаад зах зээл дэх зорилго гэхээсээ нэг алсын хараатай, нэг үзэл бодлоор нэгдсэн баг маань хамгийн том ялгарал, давуу тал.

ЛэндМН-ийн анхны санаа, ууган бүтээгдэхүүн учраас бид их тойголж явдаг

- Та бүхэн бизнес санаагаа ажил болгох үед буюу анх хэчнээн хүн өнөөдөр хэд болж үржив?

- Бүр анхны санаа гэвэл Болдбаатар бид хоёр л ярилцаж зогсож байгаад энэ санааг олсон. Харин өнөөдрийн байдлаар Монголд 90, гадаадад 100 гаруй хүн буюу нийт 250 орчим ажилтантай болсон байна.

Хүмүүс биднийг зөвхөн ЛэндМН –ээр хараад байдаг. ЛэндМН-ийн хувьд бидний анхны санаа, ууган бүтээгдэхүүн учраас бид их тойголж явдаг.

Гэтэл бид өнөөдөр Филиппинд банк худалдаж аваад шинэ үеийн банкны үйлчилгээ нэвтрүүлэх гэж байна.

Монголд бид олон бүтээгдэхүүн гаргасан ч гэсэн лиценз, хууль эрх зүйн орчноос хамаараад зөвхөн жижиг зээл өгч байгаа. Харин Филиппинд бид хиймэл оюун ухаан дээр суурилсан дэвшилтэт олон үйлчилгээг нэвтрүүлэх боломж бүрдэж байгаа.

Мөн Японд үйлчилгээ гаргахаар судалж байна.  Индонезэд ч мөн Филиппин шиг шинэ үеийн банк стратегиар ажиллах гэж байна.

- Анхны хөрөнгө оруулалт татсан түүхээсээ хуваалцахгүй юу. Эхний хөрөнгө оруулалт болох нэг сая долларыг дотоодоосоо татсан гэж ойлгосон. Харин үлдсэнийг нь Японы нэр бүхий хөрөнгө оруулагчдаас татсан мэдээлэл Форбес сэтгүүлд гарсан шүү дээ.

- Тийм ээ. Монголоос эхний ээлжинд нэлээд томоохон хөрөнгө оруулагчид орж ирсэн. Гэвч итгэл үнэмшил нь сайн төрж өгөхгүй байсаар зарим нь гарч явсан.

Анхны хөрөнгө оруулалтын хувьд ямар үндэслэлээр татдаг вэ гэхээр ердөө л итгэлцэл байдаг.

Өмнө нь энэ залуучууд юу хийж байсан юм бэ гэдгийг маань мэддэг хүмүүс хөрөнгө оруулалт өгсөн. Монгол, Японоос бид анхны хөрөнгө оруулалтаа татсан гэсэн үг.

- Япончуудтай холбогдсон туршлагаасаа хуваалцахгүй юу. Тэдэнд итгэл хэрхэн төрүүлсэн гэсэн үг вэ?

- Японоос хөрөнгө оруулалт татна гэдэг маш хэцүү ажил. “Шинэ Монгол” сургуулийн захирал П.Наранбаярын 20 жилийн хөдөлмөр, итгэл, үзэл бодол нь зөв байсны л үр дүн болов уу. Бидний хувьд Япон хөрөнгө оруулагчидтайгаа нэг жилийн турш хэлцэл хийж эцэст нь хөрөнгө оруулалт татаж чадсан. Гэхдээ бид хөрөнгө оруулалт хийе гэсэн бүхэнтэй хамтарч ажиллаагүй.Харьцангуй урт хугацаанд том зорилготой байсан учраас ашиг гэхээсээ илүү нийгмийг өөрчилье, залуусаа дэмжье гэсэн үзэл бодолтой хөрөнгө оруулагчидтай хамтарсан. Монгол, Японы аль, аль талынх нь хөрөнгө оруулагчид яг л ийм алсын зорилго, бодолтой хүмүүс байгаа.

Ямар ч мөнгөгүй явсан мөртөө хамтарч ажиллая гэсэн бүхэнтэй нэгдэж, нийлээгүй л гэсэн үг.

- Монголын мэдээлэл, технологийн салбарыг олон улсад үнэлдэггүй талаар та ярьсан. Тэгтэл Япончууд яагаад бидэнд итгэв. Япончуудтай бид технологийн салбарт арай өөр харилцаатай байна уу. Тухайлбал хиймэл оюун ухааны чиглэлээр Монголд 400 инженер бүхий томоохон компанийг “Дэнцү”-ийн хөрөнгө оруулалттай "Дата Артист" байгуулж байна. Тэд яагаад Монголчуудыг үнэлэв?

- Энэ давалгаа одоо л үүсч байна. Хамгийн том нь өөрийн тань хэлж буй “Дата Артист” компанийн жишээ.  Амарсанаа маань Японд очоод илүү үр дүн гаргаад л одоо энд компани байгуулах гэж байна. Энэ үйл явц том нөлөө үзүүлж байна.

Хоёрдугаарт, сэтгэхүйн ялгаа. Монголчуудын хувьд орчныг нь бий болгож чадвал илүү задгай, бүтээлч сэтгэлгээтэй ажиллаж чаддагийг Япончууд ажиглаж харж хамтын ажиллагаа үүсгэж байгаа болов уу.

Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд, Япончууд Монголыг л онцолж ойшоож байна гэж ойлгох нь өрөөсгөл ойлголт. Тэд Филиппин, Камбож руу маш их хөрөнгө оруулалт хийж, маш их хүмүүсийг ажиллуулж байгааг санах хэрэгтэй.

Ч.Анар: Бид Филиппин, Индонезэд хиймэл оюун ашиглаж шинэ үеийн банкны үйлчилгээ нэвтрүүлэх гэж байна  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх