НАМУУДЫН ХАЙР БА ИРЭХ СОНГУУЛИЙН СИНДРОМ

2020/07/07
НАМУУДЫН ХАЙР БА ИРЭХ СОНГУУЛИЙН СИНДРОМ

"Багануур ньюс" сонины 2016 оны тавдугаар сарын 24-ний  №46-д нийтлэгдсэн нийтлэл болно. 

АНХНЫ ХАЙРЫН РОМАНС

Монголчууд бидний амьдрал 4 жилдээ нэг болох сонгуулийн дуулианаас сонгуулийн дуулианы хооронд өрнөдөг гэчихвэл нэг их буруудахгүй. Тэр тусмаа “улстөрийн бурхан тэнгэр” хэт харж үзсэн Багануурт сонгуулийн дуулиан шуугиан жил дамнан өрнөх нь энүүхэнд. 2012 оны орон нутгийн сонгуулийн чимээ алсарч, амсхийх завдал өгөлгүй дараагийн сонгуулийн “дайн” эхлэх нь. 2012 оны сонгуулийн үр дүн АН, МАН хоёрт тэнцүүхэн суудал өгснөөр эхэлж, 2 даргатай, 2 тамгатай ИТХ-тай болж ч үзсэн. Арай гэж авсан засгаа Ардчилсан намынхан МАН-тайгаа “хавсайдаад” унагахыг ч Багануурчууд үзсэн. Их хавсайдалтын дараа их эвлэрэл зарлаж хоёр нам “ханцуй” дотроо сэм наймаалцан сандал ширээгээ хувааж аваад ажин түжин болж, түүнээс хойш дүүргийн улстөр жигтэйхэн цэгцрэх янзтай болсонсон. Багануурт бол АН, МАН хоёрын эвлэрэл анхных. Анхны хайр гэх юм уу даа. Анхны хайр угаасаа бүтдэггүй гэж хүмүүс ярих юм билээ. Хоёроод жил үргэлжилсэн тэдний хайр сонгуулийн наана хагацлаар дуусч, 2016 оны сонгуульд муу сайнаараа дуудалцах эхлэл одооноос өрнөж шүүхийн тухай яриа өрнөж эхлэх нь тэр. Баганууртаа лидерт тооцогдох улстөрчид нь хэд гуравхан хүний эрх ашгийн төлөө ажиллаж, тэр эрх ашиг нь зөрчигдөж гэмээн хоолойгоо сөөтөл “ард түмэн, Багануурчуудын эрх ашиг...” гэж хашгирдгийг хэн хүнгүй мэдэх болсон. Ард түмний төлөө эвлэрч, анхны хайраа зарласан МАН эвсэж нэгдээд цөөн тооны хүмүүсийг албан тушаалд томилуулснаас өөр юу хийснийг асууя. Анх 2014 оны 1 дүгээр сард хуралдсан ИТХ-ын ээлжит чуулганаар Засаг даргын ажлыг хангалтгүй хэмээн үнэлж унагахдаа хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж Багануурчуудыг “жаргаахаар” амалсан. Тэгсэн 2015 оны 12 дугаар сард хуралдсан ИТХ-ын ээлжит 15-р чуулганаар МАН-ын бүлгийн дүгнэлт хамтарсан Засгаа “шоолоод ч байгаа юм шиг, шоглоод ч байгаа юм шиг” санагдуулсныг энд дурдая.

МАНАЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МАШ ГОЁ...

Манай төлөөлөгчид маш гоё... Энд тэндхийн баяр ёслол, элдэв тууз хайчлалт, өөрсдөөсөө биш өрөөлөөс тарааж байгаа бэлэг сэлт, шагнал урамшуулал дээр нэг эгнээнд ороод аягүй гоё зогсоно. Нүүр номоороо дамжуулаад өвдөөд эмнэлэгт хэвтэж байна, үнэхээр сайхан цэцэг юм, ээж аавдаа эрхэлж байна, эхнэртээ үнэхээр хайртай шүү гээд л гоё гоё сээлфийгээ түмэнд түгээнэ. За бас эсрэг намынхаа удирдлагуудын /энэ нь Улаанбаатарт амьдардаг томчууд/ болохгүй бүтэхгүй гэсэн агуулгатай зураг энэ тэрээг шейр хийнэ. Эгэл ард бидэн шигээ интернетийн орчинд эрх чөлөөгөө эдэлж байгаа нь тэр биз. Харин иргэн би 2015 оны сүүлээр ИТХ-ын эрхэм төлөөлөгчидөөсөө ам асуусан чинь хариу өгдөггүй. Сэтгүүлч М.Гэрэлтуяа бол Багануурын иргэн биш бололтой. Урдуураа улаан хэлтийг гаргадаггүй уяаны банхараараа дайрууласхийгээд л орхисон. Уг нь би 1997 оноос хойш энэ дүүрэгт сурч, ажлиллаж байгаа хүн. Сонгуулиар хэни төлөө саналаа өгснөөс, тэр хүн маань сонгогдсон эсэхээс үл хамааран ИТХ-ын төлөөлөгч гэх хүмүүс төрд намайг төлөөлж байгаа гэж ойлгодог. Харин одоо ИТХ-д сууж байгаа эрхмүүд ИТХ-ын төлөөлөгчийн суудлыг дарга болох боломж, хэн нэгнээ өөд нь гаргах шат хэмээн хардаг юм уу гэж бодогдоод байгаа юм. Яагаад гэдгийг ч та бүхэн хэлүүлэтгүй мэдэж байгаа бизээ. ИТХ-ын төлөөлөгчид гэдэг чинь даргаас өөр юм хийх учиргүй тэнгэрийн амьтас. Өөрөө биш бол өөр хэн нэгэн нь заавал “юмны захаас” атгах учиртай юм шиг байгаа юм. ИТХ-ын төлөөлөгчид маань төсөв батлах гэж 1, нэмэлт өөрчлөлт оруулах гэж 1 гээд бараг л жилдээ 2 удаа хуралддаг. Бүр ихэдлээ гэхэд 3-4 удаа л хуралддаг байх. Ингэснийхээ төлөө улиралдаа 5 сая төгрөг төсвөөс авчихаад түүнийгээ арьс булга, аятайхан машин болгоод л сууж байна, цаана чинь. Тойрогтоо юм хийсэнгүй гэж УИХ-ныг зүхэхдээ сайн мөртлөө өөрөө сонгогдсон тойрог, хороогоо мартчихсан “гарууд” байнаа байна, цаана чинь...

ХАЙРЫН РОМАНС ТӨГСӨЖ, СОНГУУЛИЙН СИНДРОМ ЭХЛЭХ НЬ...

Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэсэн Монгол улсын Үндсэн хуулийнхаа заалтыг та бид 4 жилд ганцхан удаа, тэгэхдээ санал хураалтын өдөр, саналын хуудас бөглөхдөө эдэлдэг. Ингэхдээ зөвхөн саналаа өгдөггүй, харин улирч өнгөрч буй дөрвөн жилд ажилласан төр засаг, сонгогдсон төлөөлөгчидтэйгөө ёс суртахууны, улс төрийн хариуцлага тооцох боломжтой болдог. Хэрэв энэ хугацаанд бид амар амгалан, сэтгэл тэнүүн, аз жаргалтай, ирээдүйдээ итгэл төгс аж төрж чадсан бол өөр сонголт хийхгүй. Дахиад л маш гоё төлөөлөгчидөө маш итгэлтэйгээр сонгоно.

2012 оны орон нутгийн сонгуульд хэн юу амалж хэрхэн сонгогдсоныг энд улиглаад яах э? Тэртээ тэргүй тун удахгүй иргэд дүнг нь тавиад гэрт нь буцаахыг нь буцаачихна, надтай надгүй. Гэхдээ хадаг яндар барьж “хайр зарласан” хосууд салж сарних нь өнөө маргаашийн асуудал болоод байгаа бололтой. ЗДТГ-ын нэг хэлтсийн дарга нь мэргэжилтнүүдээ “удахгүй та нар засагтайгаа зайлна” гэж загнадаг гэх. Бас цагаан сарын баяраар ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ, алив гээд гараа тэнийлгэлээ гээд шүүхийн үүдэнд уулзая гэх ширүүхэн үг шидэлцээд авна лээ. Дээр дурдсан 2015 оны 12 дугаар сарын ИТХ дээр МАН-аас өгсөн дүгнэлт ч сонгуулийн синдромын эхлэл. Үйл явдал өөрийнхөөрөө хөвөрч байна. Тун удахгүй улам сонирхолтой болноо. Иргэд сонгогчид бид үзээд л үнэлээд л суух үлдэж байна...

Эцэст нь нэг зүйлийг хэлье. Батлагдаад ирсэн төсөв мөнгийг хэн ч хуваарилж чадна. Санаж сэдэж, өөрсдөө хөөцөлдөж хөрөнгө оруулалт олж ирээд бүтээсэн тайлангаа иргэддээ нэг хүргэж тус болоорой.

М.Гэрэлтуяа

Facebook: @М.Гэрэлтуяа  

НАМУУДЫН ХАЙР БА ИРЭХ СОНГУУЛИЙН СИНДРОМ  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх