Хээрээр гэр хийж, хэцээр дэр хийж яваа Д.Ренцэндоржийн тухай

2021/02/27
Хээрээр гэр хийж, хэцээр дэр хийж яваа Д.Ренцэндоржийн тухай

Хээрээр гэр хийж, хэцээр дэр хийж яваа даяан амьдралд дассан Д.Рэнцэндорж гуайн амьдралыг Масс.мн олонд дэлгэж байхыг харсан.

Эвийлж өрөвдсөн, гайхаж шогширсон улс ч их байв. Гэвч тэрбээр биеэ үзүүлж эмнүүлчихээд л ууландаа амьдармаар байна гэсэн юм. Хагалгаанд орохоос ч татгалзсан юм.

Уг нь нутгийн удирдлага хагалгааных нь зардлыг даая гэсэн санал гаргажээ. Нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, цагдаа, эмч, хороо хорины дарга, асрамжийн газрынхан хүртэл түүнд санаа тавьсан. Олны хайр хишгээс тэрбээр яагаад дөлсөн учир шалтгааныг нь цухасхан дурдах нь.

Түүний амьдралыг ийнхүү анх удаа олонд нээж байгаа ч юм биш л дээ.

Уугуул нутаг Төв аймгийн Дэлгэрхаан сумынхан андахгүй. Аль 1980-аад оны үед нутгийнхаа Номгон хайрханд ном үүрээд явж байдаг амьдралын мөн чанарыг таньсан хүн байжээ.

Тангад ном, уран зохиол, түүхийн номыг нэвт шувт уншсан тэрбээр уул хадаар бясалган амьдарч ус ууж, өвс идэх шахуу явсаар өдийг хүрчээ.

Нутгийн хүмүүс түүнд туслах гэж олонтаа санаа тавьсан боловч Рэнцэндорж гуай энэ амьдралаа сонгосон юм. Түүнийг мэдэх хүмүүс элдэж, элдэвлэхээ болиод зөнгөөр нь орхижээ.

Үе үехэн дурсахаас хэтэрсэнгүй, домог үлгэр шиг амьдарсан түүнийг өдийд амьд байгаад нь харин олон хүн гайхширчээ. Өдийд 80 шахаж яваа настай байх ёстой. Гэтэл 50 шүргэж яваа хүн шиг ануухан харагдах.

Нутагтаа орж гардаг хэдхэн л айл байв. Тэр айлынхаа эзэнтэй хорвоо ертөнцийн ер бусын үзэгдэл, сонин хачинг хүүрнэхээс хов жив цухуйлгаж байсангүй. Хэр барагтай хүний хоолыг идэхгүй. Хар шөл, мах л иднэ.

Хүүхдүүд түүний агуйд жир бусын эд хөрөнгө, алт мөнгө гарч магад гээд очсон боловч номноос өөр юм гараагүй гэдэг.

Нэгэн түүх сөхөхөд төрсөн дүү Жанчивынх нь охин зүрхний хагалгаанд орж л дээ. Нэгэн нооройсон хувцастай хүн эмнэлэгт ирээд эмчилгээнд нь зориулж өврөөсөө сая төгрөг гаргаж өгсөн гэдэг. Тэр хүн Рэнцэндорж байв. "Агаараар хоол хийж, салхиар ундаалж" яваа түүнд мөнгө төгрөгний ч хэрэг байдаггүй аж.

Хот хүрээ бараадсанаас хойш 10-аад жил лааз ундааны сав түүж хэдэн төгрөг цуглуулж амьдрахдаа ихэнхийг нь хадгалдаг бололтой юм. Түүнд шинэ хувцас, шилэн барилга, шидэт утас, шилмэл гоёо, шилдэг нэр төр ч хэрэггүй. Түүнд өөрийнхөө дур зоргоор, эрх чөлөөтэй даяанчлан амьдрах л сайхан.

Нийгмийн амьдралаас өөрийгөө тусгаарлаж, зөвхөн байгальдаа байгалиараа явсаар байгальдаа шингэх нь түүний хүсэл ажгуу.

#copy
Андрейн Сүглэгмаа

Хээрээр гэр хийж, хэцээр дэр хийж яваа Д.Ренцэндоржийн тухай   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх