“Оцог” ууланд олборлолт хийж буй “Талст Молор” ХХК-тай Алтай сумын удирдлагууд дахин гэрээ хийвэл нутгийн иргэд тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэв

2021/09/02
“Оцог” ууланд олборлолт хийж буй “Талст Молор” ХХК-тай Алтай сумын удирдлагууд дахин гэрээ хийвэл нутгийн иргэд тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэв

Ховд аймгийн Алтай сумын нутаг дэвсгэрт байрлах “Оцог” ууланд “Талст Молор” ХХК 2017 оноос үйл ажиллагаа явуулж байна. 2018 оны 08 сарын 28-ны өдөр тус сумын засаг даргаар ажиллаж байсан Б.Энхбаяр, “Талст Молор” ХХК-ыг төлөөлж тус ХХК-ийн ерөнхий геологич Д.Цоггэрэл нар хамтын ажиллагаанд гэрээ үзэглэснээр олборлолтын үйл ажиллагаа эхэлжээ. Олборлолт явагдаж эхлэх үеэс л тус компани нутгийн иргэдийн эсэргүүцэл, шүүмжлэлтэй тулгарч байжээ. Тэгвэл нутгийн иргэдийн тэмцэл өнөөдрийг хүртэл үргэлжилж газар нутгаа хамгаалж, “Оцог уулаа” аврах ажлыг зохион байгуулаад байна. Иргэдийн хэлж байгаагаар “Талст Молор” гэх ХХК-ийн олборлолтын үйл ажиллагаа нь байгаль орчиныг бохирдуулж, тоосжилтыг бий болгож, дуу чимээнээс үүдэн ан амьтад үргэн дайжиж, тухайн нутаг дэвсгэрт амьдардаг малчид малаа чөлөөтэй бэлчээх боломжгүй болсон тухай ярьлаа. Иргэдийн бухимдлыг төрүүлээд байгаа бас нэг асуудал нь  “Талст Молор” ХХК-ийн гэрээ 2021 оны 08-р сарын 28-ны өдөр дуусгавар болсон хэдий ч үйл ажиллагаагаа явуулж байгаа нь тэдний дургүйцлийг хүргэж байна гэв. Иймд 2021 оны 09-р сарын 01-ний өдөр Алтай сумын хэсэг бүлэг иргэд нэгдэж “Талст Молор” ХХК-ийн олборлолт хийж буй уурхайг зорин очиж үйл ажиллагаагаа нь зогсоохыг шаардсан боловч харуул хамгаалалтын албаныхан уурхайн хашаар уу тэднийг нэвтрүүлсэнгүй. Хэрэв “Талст Молор” ХХК үйл ажиллагаагаа зогсоохгүй бол бид тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ илэрхийлсэн юм. Тэгвэл энэ асуудалд сум орон нутгийн удирдлагууд ямар байр суурьтай байгааг тодруулахад тухайн ХХК-ийн 3 жилийн гэрээ дуусгавар болсон, бид цаашид гэрээ сунгах, эс сунгах асуудлыг нутгийн нийт ард иргэдийнхээ санал хүсэлтэд тулгуурлаж шийднэ. Сумын ЗДТГ-ын байгаль орчины тогтвортой хөгжлийн тасаг гэрээг дүгнэж үзэхэд тусгагдсан тодорхой зүйл заалтуудын  биелэлт хангалтгүй байна гэж үзсэн. Мөн энэ ХХК сум орон нутгийн иргэдийг авч ажиллуулах тал дээр учир дутагдалтай ажилласан хэмээн сумын засаг дарга Х.Түмэндэлгэр ярьлаа. Мөн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, жилд нэг удаа сумын төсөвт төвлөрүүлдэг 100 сая төгрөгийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх гэх мэт саналыг тус компанид тавьж байна. Хэрэв сум орон нутгийн зүгээс тавьж буй шаардлагыг хангаж, нутгийн иргэд зөвшөөрсөн тохиолдолд гэрээ хийгдэх боломжтой тухай хэллээ.

“Талст Молор”ХХК Алтай сумын төсөвт жилд нэг удаа 100 сая төгрөг төвлөрүүлдэг байна. Тус ХХК 2018 онд 100 сая, 2019 онд 100 сая төгрөгөө сумын төсөвт хугацаандаа төвлөрүүлсэн бол 2020 оны 100 сая төгрөгөө он дамжуулж байж 2021 оны 04-р сард сумын төсөвт төвлөрүүлжээ. Тэгвэл “Талст Молор” ХХК-ийн зүгээс хэлэхдээ манай компани тус суманд 400 гаруй сая төгрөг төвлөрүүлсэн, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд сум орон нутагт зохих хэмжээний ажлуудыг хийж, санхүүгийн дэмжлэг үзүүлсээр ирсэн гэв.

Цаашид тус ХХК-тай гэрээ хийх асуудал эргэлзээтэй байгаа юм. Хамгийн гол нь өмнөх гэрээний биелэлт үр дүн муу байсан учир нутгийн иргэдийн санал хүсэлтэд тулгуурлаж гэрээ хийх эсэхийг шийднэ гэсэн байр суурийг сумын удирдлагууд илэрхийллээ.

2021.09.01 

 

“Оцог” ууланд олборлолт хийж буй “Талст Молор” ХХК-тай Алтай сумын удирдлагууд дахин гэрээ хийвэл нутгийн иргэд тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэв   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх