Ховд аймгийн цагдаагийн газар мэдээлэл өгөхөөс татгалзлаа

2021/09/08
Ховд аймгийн цагдаагийн газар мэдээлэл өгөхөөс татгалзлаа
2021 оны 08-р сарын 03-04-нд шилжих шөнө Ховд аймгийн Мөст сумын Хужирт багийн Номт гэдэг газар иргэн Д-г гэртээ амарч байхад нь зургаан залуу гэр рүү нь дайран орж ,түүнийг зодож тархинд нь хүнд гэмтэл учруулсан нь шүүх шинжилгээний дүгнэлтээр нотлогджээ. Хохирогч Д одоогоор ГССҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт сэргээн засах эмчилгээг хийлгэж байгаа юм байна. Энэ хэрэг гараад сар болж байхад хэргийн газарт үзлэг хийгээгүй, гэрч хохирогчийг дуудаж байцаалт аваагүй, ямар нэгэн арга хэмжээ авахгүй байгаа тухай хохирогчийн аав ээж аргаа ядсандаа Ховд.мн манай сайтад хандаж хүүгийн минь асуудлыг цагдаагийн байгууллага анхааралдаа авч түргэн шуурхай шийдэж өгөхийг хүссэн. Бид нэмэлт хачиргүйгээр тэдний ярилцлагыг газар дээрээс нь шууд дамжуулан хүргэсэн билээ.Энэ мэдээллийн мөрөөр Ховд аймаг дахь цагдаагийн газрын дэд дарга, дэд хурандаа Ц.Булганбаатартай холбогдож мэдээлэл авахыг хүсэхэд манайх тайлбар өгөх боломжгүй, тэр асуудал Булган сумын цагдаагийн хэлтэс рүү шилжсэн, тухайн хэлтсээс нь очиж мэдээлэл аваарай гэв.
Булган сум аймгийн төвөөс 400 км-ын зайд байдаг. Яагаад иргэнээ хүндэтгээд олон нийттэй харилцах албаараа дамжуулаад хуулийн хүрээнд  мэдээлэл өгч болохгүй байна вэ гэдэг нь анхаарал татлаа.
 Хохирогчийн аав П.Давааням уг нь хүүгийнхээ болон цагдаагийн алба хаагчийн хүнд сурталын асуудлаар Ховд аймаг дахь цагдаагийн газарт өргөдөл гаргаж өргөдлөө өөрийн биеэр даргад нь өгчээ. Тийм ч учраас дээрх асуудалд Ховдын цагдаагийн газар хэрхэн анхаарлаа хандуулж ажиллаж байгаа талаар тодруулж өгөхийг биднээс хүссэн юм. Хохирогчийн ар гэрийнхэн хэлэхдээ цагдаагийн байгууллага хойрго хандаж байна, бид гомдолтой байна, дахин ийм зүйл бусдын хүүхэд дээр бүү давтагдаасай хэмээн хоолой нь зангирав. Хамгийн гол нь хэргийн газарт тухайн үед үзлэг хийгээгүй, үйл явдал болсноос хойш сар болж байна, энэ хугацаанд бороо хур орж, гэрийг нь хүртэл сум руу нүүлгэж авчирсан. Хэргийн ул мөр балартсан гэж бид бодож байна хэмээн хэллээ.Хүүгийн минь толгойг цохисон чулууг хүртэл цагдаа нь үзэж хараагүй, би тэр чулууг авч хамжсан хэмээн аав нь ярьсан юм. Бид тэнцвэртэй мэдээллийг иргэд олон нийтэд хүргэж, ард иргэдийг мэдээ мэдээллээр хангаж ажиллах үүргийнхээ хүрээнд цагдаагийн байгууллагаас мэдээлэл авахыг хүссэн боловч мэдээлэл өгөхөөс татгалзлаа. 
2021.09.08 
Ховд аймгийн цагдаагийн газар мэдээлэл өгөхөөс татгалзлаа   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх