Хохирогч Д-ийн аав: Хүүгийн минь амь үлдэж, эрүүл мэнд хохирлоо хэмээн хоолой нь зангирав

2021/09/08
Хохирогч Д-ийн аав: Хүүгийн минь амь үлдэж, эрүүл мэнд хохирлоо хэмээн хоолой нь зангирав
2021 оны 08-р сарын 03-04-нд шилжих шөнө Ховд аймгийн Мөст сумын Хужирт багийн Номт гэдэг газар иргэн Д-г гэртээ амарч байхад нь зургаан залуу гэр рүү нь дайран орж ,түүнийг зодож тархинд нь хүнд гэмтэл учруулсан нь шүүх шинжилгээний дүгнэлтээр нотлогджээ. Хохирогч Д одоогоор ГССҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт сэргээн засах эмчилгээг хийлгэж байгаа юм байна. Энэ хэрэг гараад сар болж байхад хэргийн газарт үзлэг хийгээгүй, гэрч хохирогчийг дуудаж байцаалт аваагүй, ямар нэгэн арга хэмжээ авахгүй байгаа тухай хохирогчийн аав ээж аргаа ядсандаа Ховд.мн манай сайтад хандаж хүүгийн минь асуудлыг цагдаагийн байгууллага анхааралдаа авч түргэн шуурхай шийдэж өгөхийг хүссэн. Бид нэмэлт хачиргүйгээр тэдний ярилцлагыг газар дээрээс нь шууд дамжуулан хүргэсэн билээ.
Хохирогчийн ар гэрийнхэн хэлэхдээ цагдаагийн байгууллага хойрго хандаж байна, бид гомдолтой байна, дахин ийм зүйл бусдын хүүхэд дээр бүү давтагдаасай, хүүгийн минь амь үлдэж эрүүл мэнд хохирлоо хэмээн хоолой нь зангирав. Хамгийн гол нь хэргийн газарт тухайн үед үзлэг хийгээгүй, үйл явдал болсноос хойш сар болж байна, энэ хугацаанд бороо хур орж, гэрийг нь хүртэл сум руу нүүлгэж авчирсан. Хэргийн ул мөр балартсан гэж бид бодож байна хэмээн хэллээ.Хүүгийн минь толгойг цохисон чулууг хүртэл цагдаа нь үзэж хараагүй, би тэр чулууг авч хамжсан хэмээн аав нь ярьсан юм. Бид тэнцвэртэй мэдээллийг иргэд олон нийтэд хүргэж, ард иргэдийг мэдээ мэдээллээр хангаж ажиллах үүргийнхээ хүрээнд цагдаагийн байгууллагаас мэдээлэл авахыг хүссэн боловч мэдээлэл өгөхөөс татгалзлаа. 
2021.09.08 
Хохирогч Д-ийн аав: Хүүгийн минь амь үлдэж, эрүүл мэнд хохирлоо хэмээн хоолой нь зангирав   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх