УИХ-ын гишүүн Ш.Адьшаа зарим гишүүдийн хамтаар Үндсэн хуулийн цэцэд ханджээ

2021/11/22
  УИХ-ын гишүүн Ш.Адьшаа зарим гишүүдийн хамтаар Үндсэн хуулийн цэцэд ханджээ

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Н.Ганибал нар Монгол Улсын Их хурал, Шүүхийн хараат бус байдалд халдах эрсдэлтэй хууль батлагдсан нь Үндсэн хууль зөрчиж байна хэмээн үзэж Үндсэн Хуулийн Цэцэд мэдээлэл гаргаж байгаагаа мэдэгдэж хэвлэлийн бага хурал зарласан байна. Энэ оны нэгдүгээр сарын 15-нд батлагдсан Монгол Улсын шүүхийн тухай хууль нь Монгол Улсын шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөлийг УИХ-аас хараат байдалд оруулах өндөр эрсдэлтэй байна. Уг хууль нь Үндсэн хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа тул ийнхүү хэвлэл мэдээллийнхэнд хандаад байгаа аж.

Үндсэн хуулийн цэцэд гаргаж байгаа мэдээлэлд

“Улсын Их Хурлын 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт “... бусад таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр Улсын Их Хурал томилно.” гэсэн нь, 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт “ ... ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын захирамжаар томилсон Улсын Их Хурлын гишүүн ахална.” гэсэн нь, мөн зүйлийн 77.1-77.11 дэх хэсэг, 95 дугаар зүйлийн 95.4 дэх хэсэгт “... Сахилгын хорооны бүрэлдэхүүнд орох бусад таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр Улсын Их Хурал томилно. ...” гэсэн нь, мөн зүйлийн 95.5 дахь хэсэгт “ … Улсын Их Хурал ... сонгон шалгаруулж, томилно[1].” гэсэн нь Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 3, 5, 6 дахь хэсгийг зөрчиж байна…

Иймд Монгол Улсын шүүхийн тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн дээрх зүйл, заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана.” гэснийг, 5 дахь хэсгийн “Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тавыг шүүгчид дотроосоо сонгож, бусад таван гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж томилно. Тэдгээр нь дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа ажиллах бөгөөд Зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо сонгоно.

 Шүүгчийн хараат бус байдлыг хангахтай холбоотой Зөвлөлийн үйл ажиллагааны тайланг Улсын дээд шүүхэд танилцуулна. Зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно.” гэснийг, 6 дахь хэсгийн “Хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороо ажиллах бөгөөд түүний бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно.” гэснийг тус тус зөрчсөн эсэхийг хянан шийдвэрлэж, тогтоож өгнө үү” гэсэн байна.

2021.11.22

 

 

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа зарим гишүүдийн хамтаар Үндсэн хуулийн цэцэд ханджээ   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх