Хятад иргэд цементний үйлдвэрээс нууцаар гарч явахад харуул хамгаалалт нь мэдээгүй

2021/12/22
Хятад иргэд цементний үйлдвэрээс нууцаар гарч явахад харуул хамгаалалт нь мэдээгүй

2021 оны 12 дугаарын сарын 21-ны өдрийн 16:00 цаг орчимд Буянт сумын нутаг дэвсгэрт 10 орчим Хятад иргэн засмал зам дагуу зорчиж байгаад уул руу зугтаасан нь иргэдийг айдаст автуулаад байсан юм. Нутгийн иргэд ямар учиртай Хятад хүмүүс орон нутагт орж ирэв, хараа хяналтгүй яагаад бөөнөөрөө, ямар зорилготой хаашаа явж байгааг мэдэхийг хүссэн юм. Бид иргэний мэдээллийн мөрөөр газар дээр нь очиж сурвалжилхад 7 Хятад иргэн уулнаас бууж ирж буйг баримттайгаар мэдээлсэн. Тэгвэл тэдгээр иргэд Эко цементний үйлдвэрт ажиллаж байсан БНХАУ-ын иргэд болох нь тогтоогдсон юм. Уг цементний үйлдвэрийн харуул хамгаалалтын ажилчин хэлэхдээ харуул хамгаалалтын хаалгаар гарч яваагүй, хаагуур гарч явсныг мэдэхгүй байна, өөр нүх сүвээр гарч явсан юм байлгүй гэх хариуцлагагүй хариултыг өгсөн нь анхаарал татлаа. Цементний үйлдвэрийн харуул хамгаалалт сул, хараа хяналт муу байдаг учир Хятад иргэд ийнхүү нууцаар сум дамжин сэлгүүцэхэд хүрсэн ч байж болзошгүй юм. Хэрэв ямар нэгэн асуудал үүсч, зөрчил гарвал хариуцлагыг хэн үүрэх вэ гэдэг асуулт ч урган гарч байгаа юм. Гадаадын иргэд харьяатын газрын баруун бүс дэх газар ч гэсэн хариуцлага хүлээх ёстой. Хаа хаанаа хараа хяналт сул байгаагийн бодит жишээг эндээс харж болохоор байна. Дээрх 7 тооны Хятад иргэд цементний үйлдвэрт үйл ажиллагаа явуулдаг Вестерн Холд ХХК-д гэрээгээр ажиллаж байсан иргэд юм байна. Тус үйлдвэрт өнөөдрийн байдлаар 55 Хятад иргэд ажилладаг гэсэн мэдээлэл байна. Тэдний 10 орчим нь удахгүй нутаг буцах гэнэ. 

Хятад иргэд цементний үйлдвэрээс нууцаар гарч явахад харуул хамгаалалт нь мэдээгүй   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх