Б.Түмэнжаргал: Миний гарын үсгийг хуурамчаар үйлдсэн байна.

2023/11/28
Б.Түмэнжаргал: Миний гарын үсгийг хуурамчаар үйлдсэн байна.

2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Урбан девелопмент консолтинг групп” ХХК-ийн захирал Д.Энхманлай “Ховд хотын үерийн хамгаалалтын далангийн шинэчлэл, засварын ажлыг хийхээр  аймгийн засаг даргын орлогч асан Т.Жаргалсайхантай  гэрээ байгуулж уг ажлыг 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ашиглалтанд хүлээлгэж өгөх ёстой байсан ч хугацаандаа хүлээлгэж өгөөгүй.

Он дамжиж явсаар  2022 оны 09 дүгээр сарын 01-ны өдрийн А/558 дугаартай аймгийн засаг даргын орлогч асан Т.Дэлгэрсайханы захирамжаар  10 хүний бүрэлдэхүүнтэй улсын комисс байгуулагдаж үерийн далангийн ажлыг хүлээж авсан байдаг.

Ажлын хэсэгт ГХБХБГ-ын даргаар ажиллаж байсан Э.Дөлбадрал, Жаргалант сумын дэд бүтэц хариуцсан орлогч дарга Б.Туулайтулга, аймгийн ЗДТГ-ын ХБТХОХ-ийн мэргэжилтэн Б.Болортуул, Орон нутгийн өмчийн газрын мэргэжилтэн Б.Түмэнжаргал, аймгийн Архивын тасгийн дарга С.Батдорж,  Жаргалант сумын ЗДТГ-ын гадаад харилцаа, гамшгийн асуудал хариуцсан арга зүйч Б.Гантулга, зураг төсвийн зохиогч Б.Амаржаргал, иргэний төлөөлөл Б.Сумхүү, “Урбан девелопмент консалтинг групп” ХХК-ийн захирал Д.Энхманлай, ГХБХБГ-ын мэргэжилтэн С.Өнөржаргал нарын 10 хүн хүлээж авсан байна.

Ингэхдээ улсын комиссын бүрэлдэхүүн худлаа дүгнэлт үйлдэж, дуусаагүй, дутуу гүйцэтгэлтэй ажлыг хүлээн авсан нь Санхүүгийн хяналт дотоод Аудитын дүгнэлтээр тогтоогдоод байна. 1400 м урттай хийгдсэн үерийн даланг бараг нэг дахин нэмэгдүүлж 2600 м хийгдсэн мэтээр хүлээн авчээ.

10 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийн гишүүдийн нэг нь Орон нутгийн өмчийн газрын мэргэжилтэн Б.Түмэнжаргал. Гэтэл Б.Түмэнжаргал би улсын комиссд байгаагаа ч мэдээгүй, нэг удаа ч  очиж үерийн далантай танилцаагүй, миний өмнөөс хэн нэгэн хуурамч гарын үсэг үйлдсэн байна хэмээн тайлбарлаж байна. Тэгвэл Б.Түмэнжаргалын өмнөөс гарын үсэг хэн үйлдэв, улсын комисс тус компанийн ажлыг хүлээж авахын тулд зохион байгуулалттай, санаатай үйлдэл хийсэн үү, тэд ашиг сонирхлын зөрчилтэй юу гэх мэт олон асуулт гарч ирж байна. 

Б.Түмэнжаргал: Миний гарын үсгийг хуурамчаар үйлдсэн байна.   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх